Замбийн сөрөг хүчний лидер Майкл Сата ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн сонгуульд тэрбээр тус улсын одоогийн ерөнхийлөгч Рупиа Бандатай өрсөлдсөн юм. Сонгуулийн долоон тойргийн дүн гарч амжаагүй байхад сонгогчдын 43 хувийн санал авсан Сатаг ялагчаар тодруулсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн комиссын вэбсайтад хакерууд нэвтэрч 74 настай Сатаг сонгуульд ялагдах нь тодорхой болсон гэж ташаа мэдээлэл цацсан ажээ. Үүнээс үүдэн тус улсын хойд хэсгийн уул уурхайн бүсэд үймээн гарч, иргэд сонгуулийн дүнг эсэргүүцэн жагссан ажээ.
Рупиа Бандагийн Олон намын төлөөх хөдөлгөөн нам Замбийн төрийг 20 жил удирдсан юм байна. Харин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Майкл Сата дөрөв дэх удаагаа сонгуульд өрсөлдсөн нь энэ ажээ. Лондоны Виктория өртөөнд үйлчлэгчээр ажиллаж байсан Сатагийн улс төрийн кареер урт зам туулсан ажээ. Тэрбээр Олон намын төлөөх хөдөлгөөний орон нутаг дахь хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн яамны сайд байсан ажээ. Тэрбээр гадаадын уул уурхайн компаниудын хөдөлмөрийн нөхцлийг хатуу шүүмжилдэг нэгэн юм.
Н.Энх