Исландын өмнөд нутгийн Скафтафетль гэх үндэсний дархан газарт Киркьюбэйарклаустур холгүй байгаа Лаки галт уул 1783–1784 онуудад дэлбэрэхдээ агаар мандалд 122 сая тонн хүхрийн диогсид хаясан байлаа. Энэ нь өдгөө дэлхийн аж үйлдвэрүүдийн жилийн дотор үйлдвэрлэх энэ хийн хэмжээнээс ялимгүй бага юм. Түүхчдийн тооцоолсноор түүний улмаас исландчуудын тавны нэг буюу 10 мянга гаруй хүн амь үрэгдсэн байв. Үхлийн тохиолдол Швед, Нидерланд, Их Британид мөн бүртгэгдсэн байв.
Исландад сүүлийн 1150 жилийн дотор ийм сүйрлийн дэлбэрэлт дөрвөн удаа тохиолдсоноос эрдэмтэд ирээдүйн нэг ийм тохиолдлын загварыг гаргажээ. Тэд 2,5 микрометрийн диаметртэй бичил хэсгийн хуримтлал дэлбэрэлтийн дараах гурван сарын дотор хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэв. Үүнээс болон зүрх судасны өвчтэй 142 мянган хүн нас барах гэнэ. Энэ нь томуугаар жил тутам өнгөрч байгаа хүмүүсийн тооноос хоёр дахин их юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард эрдэмтэд Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлтийн бодит дүгнэлтээс нийтэлсэн юм. Тэнд өгүүлснээр галт уулын хаягдал нь буруу хэлбэртэй хорт бодисын агуулгатай, уушиг цоолох аюултай байжээ.
"Ардын эрх" сонин