Машин осолдож, их хэмжээний шатахуун асгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Машин осолдож, их хэмжээний шатахуун асгарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны зүүн талд авто замын хойно дизелийн түлш ачсан автомашины чиргүүл унаж их хэмжээний шатахуун асгарсан газарт  ажилласаар байна. Энэ хэрэг өчигдрийн 20.00 цагийн үед болжээ. “Энгүүнжин” ХХК-ийн  УНЛ 22-76 улсын дугаартай “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашины “БЧ 70-76” улсын дугаартай 57 тонны даацтай чиргүүл унаснаас газарт  их хэмжээний шатахуун асгарсан хэрэг гарчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга комиссар Х.Батбилэг, газрын орлогч, ГТТУСХХ-ийн дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатар нараар удирдуулсан онцгой байдлын алба хаагчид тухайн орчны замын хөдөлгөөнийг өчигдрийн 22:00 цагаас өнөө өглөөний 07:00 цаг хүртэл хааж, СХД-ийн цагдаагийн хэлтсийн  алба хаагчдаар   хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэн галын аюулгүй байдлыг ханган ажилласан  байна.

Тодруулбал, НОБГ-ын Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг, хөөсний 10 тонны, гэрэл холбооны  автомашинуудыг гаргаж их хэмжээгээр асгарсан байсан шатахууныг хөөсөөр хучих, Автобаазаас авто ачигч дуудаж асгарсан шатахууныг шороогоор манаж дарах,  шатахуун сорох автомашин, гурван ширхэг авто өргөгч ирүүлэн 36 тонн шатахууныг соруулж шилжүүлэн ачиж тээвэрлэх, унасан чиргүүлийг өргөж босгох зэрэг ажлуудыг шөнийн турш хийж гүйцэтгэсэн байна.

Ослын газар онцгой байдлын албаны химийн  мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, тухайн орчны агаарын холимогын сорьцын шинжилгээ хийхэд хэвийн хэмжээнд байгаа гэж гарчээ. Ямартай ч онцгой байдлынхан галын аюулгүй байдал талаасаа бүх арга хэмжээг урьдчилан сэргийлж хийж дуусгаад байгаа аж.. Харин одоо цаашид түлш асгарсан газрын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, аюулгүй байдлын асуудлыг мэргэжлийн хяналт, байгаль орчны асуудал хариуцсан газрууд хариуцан мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгөх юм байна. Зам тээврийн осол урьдчилсан байдлаар замын хөдөлгөөнт оролцож байсан тээврийн хэрэгслүүд нэг нэгэндээ зам тавьж өгөөгүйгээс болсон бололтой.   

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж