Палестин улсыг байгуулах асуудал хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Палестин улсыг байгуулах асуудал хойшилж магадгүй

НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлэх санал хураалт хойшилж магадгүй болж байна. НҮБ-ын төв байрнаас ирж байгаа мэдээгээр Тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх талын санал хураал­тыг хойшлуулж магадгүй. Палестины лидер Махмуд Аббас  зөвшилцөл хийхэд бэлнээ харуулан Палестиныг хүлээн зөвшөөрөхийг нэн даруй харж үзэхийг шаардахгүй гэнэ. Ийм тохиолдолд НҮБ энэ асуудалд жилийн дараа эргэн ороход бэлэн гэжээ. Үүний гол шалтгаан нь АНУ ба Европын холбооноос үзүүлдэг санхүүгийн тусламж хаагдаж магадгүй асуудал болсон байв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган эхэлсний маргаашаас Иахмуд Аббасын толгойлсон Палестины төлөөлөгчид НҮБ тэдний улсыг хүлээн зөвшөөрөх асуудлаа хойшлуулж болохыг зөвшөөрч байгаа мэдээлэл гарч эхэллээ. Энэ асуудал нь Ерөнхий Ассамблейн чуулганы гол хэлэлцэх зүйл байсан ба түүнийг энэ баасан гаригт авч хэлэлцэх ёстой.

Зөвшилцлөөр Палестины төлөөлөгчид асуудлаа өргөн барих бөгөөд түүнийг шууд авч хэлэлцэхийг шаардахгүй. НҮБ тэр асуудлыг жилийн дараа авч хэлэлцэхээр зөвшөөрнө. Al Arabiya телевиз мэдээлснээр Палестины үндэсний автономийн тэргүүн Махмуд Аббас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзсанаар энэ зөвшилцлийг хийжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Аббаст зөвлөхдөө “Өөрийн үүргийг НҮБ-ын  Хартийг барин нэг үгээр энх тайвныг сахих замаар гүйцэтгэхийг зөвлөсөн ба израиль, палестинчуудад хандан шууд хэлэлцээрээ сэргээхийг уриаллаа” хэмээн НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлсэн байв. Өөрийгөө тодорхойлох үүргийг нь хүлээн зөвшөөрч байгаа Палестин нь үндсэн гурван асуудал болох Иерусалимын статус, дүрвэгсдийн статус, Палестин улсын хил хязгаар зэргийг нэг талд шийдвэл Израиль “бас тийм арга хэмжээ” авна гэж мэдэгдсэн юм.

Мухардлаас гарах зам байгаа тухай Израилийн Haaretz сонинд өгүүлсэн байлаа. Сонины мэдээллээр Барууны орнууд Аббастай “чимээгүй зөвшилцлийг хийсэн” бөгөөд энэ талаар Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе мэдэх боломжийг гаргасан байв. Тэрээр Europe 1 станцаар ярихдаа “Санал хураалт баасан гаригт  болдогоороо болно. Тэр нь дипломатуудад энхийн гэрээ хэлцлээ сэргээх цагийг өгөх болов уу” гэсэн байв.

Албан ёсны төвшиндөө Палестины төлөөлөгчид өөрсдийн зорилгоос татгалзаагүй. Аббасын зөвлөх Набиль Абу Рудейн энэ мягмар гаригт мэдэгдэхдээ АНУ-ын зүгээс хориг тавьсан ч Палестин улс өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшүүрүүлэхээр зүтгэнэ гэсэн байв. Нью-Йорк орох замдаа Аббас сэтгүүлч нарт хэлэхдээ Вашингтон ба Европын нийслэлүүд түүнд ихээхэн шахалт үзүүлж байна хэмээн гомдлоо хэлжээ. ”Бид энэ алхамыг хийхээр шийдээд тамын хаалга татах шиг болов” гэж тэр ярьжээ.

Палестинчуудад үзүүлэх ша­халт Нью-Йоркт үргэлжилсэн ба Пан Ги Мунтай уулзахын өмнө Аббас Палестины донор орнуудын уулзалтад уригдсан байв. Мөн тэнд Израилийн өндөр тушаалтнууд байсан юм. Энэ уулзалтаар хэрэв Палестины асуудал нааштайгаар ший­дэгдвэл түүнд үзүүлэх санхүү­гийн тусламжийн хэмжээний та­лаар ярилцсан байлаа. Асуудал Па­лестины талд шийдэгдэх нь ойлгомжтой бөгөөд Ерөнхий Ассамб­лейд олонх нь Аббасыг дэмжиж байгаа. Доноруудын уулзалт дээр АНУ, Израиль ба тэдний холбоотнууд Палестин олон улсын хамтын нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэггүй болно гэдгийг шуудхан ойлгуулжээ.

Лхагва гаригт Аббас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байв. “НҮБ-д хийж буй тэр алхам нь Палестин улс байгуулах зорилгын эсрэг байгааг ерөнхийлөгч шуудхан хэлнэ” хэмээн уулзалтын өмнө Обамагийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родс хэлснийг The Associated Press дамжуулсан байв. Мөн Аббас үг хэлэх баасан гаригт өөрийн үгийг хэлэх ёстой Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньягутай Обама бас уулзан санал солилцсон байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж