Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн
“Спартак” балетийг ирэх хоёрдугаар сард тавина
Балетын урлагт элэгтэй үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч удахгүй ирэх нь ээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ирэх улиралд дэлхийн шилдэг бүтээлүүдээс тоглохоор зэхэж байгаа. Үүнд ирэх хоёрдугаар сарын хөтөлбөртөө хөгжмийн зохиолч А.Хачатуряны “Спартак” балетыг тоглохоор оруулжээ. Энэхүү балетыг анх 1984 оны тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа амилуулж байжээ. Тухайн үед Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяандагва, ерөнхий зураачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх, симфони найрал хөгжмийг Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт удирдаач, хөгжимчин Ж.Чулуун агсан удирдан тоглуулж байв.Харин ирэх хоёрдугаар сард урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр дахин сэргээн тоглохоор хөтөлбөртөө оруулаад байна. “Спартак” балетын тухайд 1958 онд анх Москва хотын “Их театр”-т Игор Мойсигийн дэглэснээр тоглосон ч үзэгчдэд төдийлөн таалагдаагүй аж. Харин 1968 оны дөрөвдүгээр сарын 9-нд Юри Григоровичийн дэглэсэн “Спартак” балет үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан нь одоо бидний үзэх дуртай “Спартак” балет юм. Энэхүү бүтээл нь хөгжмийн зохиолч А.Хачатуряны хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг бөгөөд хоёр бүлэг есөн үзэгдэлт балет юм.
М.Дөл