Италийн Сери А лигийн гол төлөөлөгчдийн нэг “Интер Милан” клубын дасгалжуулагч Жан Пьеро Гасперини ажлаасаа халагдлаа. Тэрбээр “Интер”-ийн дасгалжуулагчийн албанд томилогдсоноос хойш гуравхан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд ердөө тавхан тоглолт хийсэн юм. Харамсалтай нь, тэрхүү таван тоглолтын дөрөвт нь хожигдож, үлдсэн ганц тоглолтдоо “Рома”-тай тэнцсэн. Ингэснээр баг нь Италийн Сери А лигийн хүснэгтийн 17 дугаар байрт бичигдээд байна.
Хамгийн сүүлд түүний удирдлага дор “Интер” өнгөрөгч мягмар гаригт “Новара”-тай тоглож, 3:1 харьцаатай хожигдсон. Гэтэл “Новара” энэ жилээс л Сери А-д дэвшин тоглож байгаа харьцангуй сул баг билээ. Мөн “Интер” Гасперинигийн удирдлага дор Аваргуудын лигийн хүрээнд “Сан Сиро” цэнгэлдэхдээ “Трабзонспор”-т хожигдсоноос гадна Италийн Супер цомын тэмцээнд “АС Милан”-д ялагдал хүлээсэн юм.
“Интер Милан”-ы зүгээс Гасперинигийн оронд ажиллах хүнийг хараахан сонгоогүй байна. Тэд бямба гаригт “Болонья”-гийн талбайд зочлон тоглох ба үүнээс дөрөв хоногийн дараа Аваргуудын лигийн хүрээнд ОХУ-д “ЦСКА Москва”-тай тоглоно.
С.Цэлмэг