Гараашуудыг ирэх хавраас буулгана

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Гараашуудыг ирэх хавраас буулгана

-Нийт зургаан дүүрэгт 30 гарааш, 19 зогсоол барихаар төлөвлөсөн. Энэ жил бэлтгэл ажлуудыг хийгээд ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэв-

Нийслэлийн газрын албанаас бетонон гараашуудыг нүүлгэж төвлөрсөн гараж барих талаар төсөл хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн газрын албаны дарга нарын зөвлөлийн хурлаар уг асуудлыг шийдвэрэрлэсэн байна. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар нийслэлийн зургаан дүүрэгт байрлах нэг давхар гараашуудыг нэгдсэн төлөвлөгөөнд оруулахаар “Иргэдийн оролцоотой автомашины гарааш байгуулах төсөл”-ийг санаачлан судалгаа хийж байгаа. Нийслэлийн өнгө үзэмжид багагүй нөлөөлдөг зүйл бол автомашины грашууд. Энэ жил гараашуудыг цэгцлэх, нэг дор төвлөрүүлэх олон арга хэмжээ авахаар төлөвлөжээ.  Хамгийн түрүүнд нийтийн эзэмшлийн талбайд байрлах бетонон гараашуудыг буулгах аж.  Энэ талаар нийслэлийн Газрын албаны  Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Автомашины гарааш төсөл хэрэг­жүүлж байгаа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Төслийн хүрээнд Нийтийн эзэмшлийн талбайд баригдсан нэг давхар бетонон гараашуудыг 4-10 хүртэл давхар болгон өөрчлөхөөр болсон.  Нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй гол асуудлын нэг болсон энд тэнд олон  янзаар баригдсан гараашуудыг цэгцэлж, ганц нэг бус нилээд хэсэг хүмүүсийн машиныг багтаах боломж бүхий энэ асуудлыг судалж, шийдвэрлэхийг хотын дарга Газрын албаныханд өнгөрсөн шуурхай дээр өгсөн.  Эхний ээлжинд 26 байршилд судалгаа хийж иргэдэд танилцуулж дэмжлэг авсан газрыг хувийн хэвшлийнхэнд үнэгүй олгож, барих асуудлыг тэдний хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөлөө. Тухайн газрын байрш­лын онцлогоос шалтгаалан 4-5, бүр 8-10 хүртэл давхар барихаас гадна төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөсөн.

-Нийслэлийн хэмжээнд авто­машины гараашуудыг ямар  системд оруулж байгаа вэ?

-Одоогоор төсөл судалгаа шин­жил­гээний шатандаа явж байна.  Өнөө­дөр /өчигдөр/ хурлаар зургаан дүүргийн тодорхой хэсгүүдийг эх­ний ээлжинд буулгаж оронд нь гур­ван төрлийн байрлалтай га­рааш барихаар  төлөвлөсөн. Га­зар доор гарааш барьж дээр нь хүүх­­дийн тоглоомын талбай бий болгох. Тоглоомын талбайг бүрэн тохижуулна.  Мөн олон давхар том гарааш, шугам сүлжээтэй газар бол ил зогсоол болох барихаар төлөв­лөгөө гарган дүүргийн удирд­лагуудад хүргүүлсэн байгаа.

-Зургаан дүүргийн хаана барих юм бэ?

-Нийт зургаан дүүрэгт 30 граш, 19 зогсоол барихаар төлөвлөсөн. Нэг өдөр буулгаад бүгдийг нь бий  болгочих ажил биш цаг агаар ч хүйтэрч эхэлж байна. Энэ жил бэлтгэл ажлуудыг хийгээд ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.  Баянгол дүүрэгт 10 хороонд 504 гарааш буулгана. Баянзүрх дүүрэгт таван хорооны нутагт 189, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн хо­рооны 62, Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны 155, Чингэлтэйд хоёр хорооны 79, Хан-Уулд таван хорооны 35 гараашийг буулгахаар болсон. Мөн зургаан дүүрэгт 19 хороонд ил зогсоол барих төлөвлөгөө гаргасан.

-Гарааш буулгахаар машинаа хаана байрлуулах вэ?

-Өвлийн цагт буулгахгүй. Энэ боломжгүй зүйл. Харин хавар дулаан орж эхлэнгүүт л барьж эхлэхээр болсон. Дулааны улиралд эхэлбэл нэг их асуудал гарахгүй байх. Гэхдээ энэ бүгдийг хугацаа байгаа учраас сайн судалж, тооцож гаргана. Өнөөдөр шийдвэр гаргаад шууд маргааш нураачих биш иргэд ч санаа зовох хэрэггүй. Бид үүнийг сайн судалж шийднэ. Дээрээс нь энэ арга хэмжээнд иргэд ч бас хамтран ажиллах хэрэгтэй. Ганц нэг хүнээс болж хотын өнгө үзэмж, төлөвлөгөө нурах хэрэг гаргахгүйн тулд бид ч гэсэн иргэдтэй нягт хамтран ажиллана. Дүүргийн дарга нарт материалыг хүргүүлсэн. Дарга нар үүнийг иргэдэд зөвөөр, ойлгуулах нь чухал байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж