Мал аж ахуйн салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгох тулах цэг нь малын эмч нар гэнэ лээ. Манай Ерөнхий сайд л тэгж хэлсэн. Тиймдээ ч малын эмч нарыг эрсдэлтэй, хүнд, дээр нь “эвгүй” нөхцөлд ажилладаг гэдэг тодотголд хамруулах талаар тодорхой арга хэмжээ авахаа амалсан байна лээ. Нөгөөдүүл нь алга ташаад бөөн баяр хөөр, сүйд майд болсон юм байх.
Малын эмч нар хөдөө амьдардаг нь үнэн. Гэхдээ мал эмчлэх гэж хөдөө хөхөрч, гадаа гандталаа явдаг нь юу л бол. Тэгэхээр тэд хүнд хэцүү нөхцөлд ажилладаг нь дэгсдүүлсэн тодотгол болж тараад байгаа юм. Эндээс нэг ч асуулт байна. Малын эмч, хүний эмчээс хүн нөхцөлд ажилладаг гэж үү. Малын амь хүний аминаас үнэтэй гэж үү. Малын эмч нар нь хүнд нөхцөлд ажилладаг юм бол хүний эмч нар ямар нөхцөлд ажилладаг юм бол. Бодоод байх нь ээ, хүн эмч нар хөдөө хөхөрч, гадаад ганддагүй хойно хөнгөн нөхцөлд ажилладаг болж таарах нь.
“Хүний эмч бол хүнийг эмчилнэ, малын эмч бол хүн төрөлхтнийг эмчилдэг” гэж нэгэн ухаантай нөхөр хэзээ ч юм бэ айлдчихсан юм байх. Тэр тухай уг чуулганаар баахан л яриа хөөрөө болж. Хэн хэзээ ийм үг хэлснийг хэлээд өгчих хүн надад лав олдоогүй.
Ямар ч байсан малын эмч нар хүний эмчээс илүү хүнд нөхцөлд ажилладаг нь яавч үнэнд нийцэхгүй байх. Мотоцикл, морио унаад айл хэсч, айраг гүзээлээд явдгийг нь ажил хийсэн гэж үзэхгүй л юм бол зүгээр шахуу суугаад цалин хүртдэг төрийн албан хаагчдын нэг хэсэг чинь ерөнхийдөө тэд л шүү дээ. Ажлаа хийгээд, айлын өвдсөн малыг эмчлээд явдаг малын эмч манайд цөөхөн дөө, цөөхөн. Адуу нь боомоор өвдсөн айлын эзэнд архи уулга гээд зөвлөж чадах л хүмүүс.
Хүнийг өнөөдөр малаас дор үздэг болчихсон цаг болохоор хүний эмч малын эмчээс дор үнэлэгдэхэд гайхаад байх зүйлгүй л дээ. Монголд мал нь Үндсэн хуулиар хамгаалагдаж, хүн нь үнсэнд хаясан шалз шиг амьдардаг болохоор.
Ямаа, хонь, үхэр, адуу, тэмээнд ямар их хайртай гээч, манай УИХ-ынхан.
Ямаа үхвэл төрийн буруу болж, зам тавих гэж ухсан нүхэнд нь хүн унаад үхвэл өөрийнх нь хохь болдог хорвоо шүү дээ, энэ чинь. Малын эмч нар хүнд нөхцөлийн хангамж хүртэж, хүний эмч нарын хуулийг нь чангатгаж, шийтгэлийг нэмэгдүүлээд л. Таарсан төрийн таг харанхуй бодлого гэж үүнийг л хэлэх байх даа.