Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэл хотод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, бүтээн байгуулалт, зам засварын ажлын явцтай өчигдөр танилцлаа.
Бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажлаа ТЭЦ II ТӨХК-иас эхэлж, тус компанийг түшиглэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд байгуулж буй хагас коксжсон түлшний үйлдвэртэй танилцсан юм. Үйлдвэрт хагас коксжсон утаагүй шахмал түлш үйлдвэрлэх ажил ид явагдаж байна. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг гаргасан энэ төсөл зуухны өөрчлөлт, хагас коксжсон түлшээр шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр барих, хагас коксжсон түлш нөөцлөх агуулах барих, түлш дамжуулах хэсэгт өөрчлөлт хийх гэсэн дөрвөн хэсгээс бүрджээ.
Төслийг хэрэгжүүлснээр жилд 300 мянган тонн нүүрсэнд боловсруулалт хийн, 135 мянган тонн кокс боловсруулж, 210 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулах, байгаль орчинд эергээр нөлөөлөх, хотын хүн амын эрүүл аюулгүй орчны стандартыг хангах, амьсгалын замын өвчлөлтийг багасгах, Улаанбаатар хотын хэмжээнд боловсруулалт хийгдээгүй нүүрсний хэрэгцээг 30 хувиар бууруулах, шинээр шууд болон шууд бусаар 150 ажлын байр нэмэгдэх гээд олон ач холбогдолтой ажил болох ажээ.
Монгол инженерүүд ийм төрлийн төслийн шийдлийг бие даан боловсруулах чадвартай болсныг Ерөнхий сайд өндрөөр үнэлж байлаа.
Дараа нь нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт боловсруулсан түлш борлуулалтын цэгт очиж түлшний нөөцтэй танилцаад Баянзүрх дүүргийн II хороо Цагаан даваа орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр тус хорооны утааны байцаагчид болон оршин суугчидтай уулзаж санал бодлоо солилцлоо.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэл дэхь 900 орчим 270 мянган түүхий нүүрс шатааж байгаа нам даралтын зуухны үйл ажиллагааг төвлөрсөн дулаанд шилжүүлэх ажил эхэлжээ. Ерөнхий сайд Улаанбаатар хотын утааг шүүмжилж ярих нь их. Гэхдээ ярихаас хийх нь чухал. Бухимдснаар биш шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай, системтэй санхүүжилтийг шийдэж бодитой үйл ажиллагаагаар агаарын бохирдлыг бууруулж болно гэв.
Үүний дараа энэ зуны турш өрнөсөн зам засварын ажлын нэг хэсэг болох Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртэлхи Дарь-Эхийн 6,7 км автозамын өргөтгөл шинэчлэлт, Сэлбийн зүүн эргээс Шадивлин хүртэлх шинээр тавигдаж буй зургаан км автозам, 54 урт метр гүүрийн бүтээн байгуулалтыг сонирхсон. Энэ ажлыг “Эйч Кей Би Интернейшнл холдинг” компани өөрийн хөрөнгөөр барьж, дараа төлөх нөхцөлтэй гүйцэтгэж байв. Замын нийт уртад суурь асфальтан хучилт хийсэн байлаа. Зургаан км урт энэ замын зорчих хэсгийн өргөн есөн метр, 1,5 метрийн өргөнтэй явган хүний замтай, нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй цогц ажил болжээ. Зуслан руу явах автозамын ачааллыг хугаслах энэ бүтээн байгуулалттай танилцсаныхаа дараа Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Нарны гүүр төслийн бүтээн байгуулалтын явцыг очиж үзэв. Энэ гүүр ашиглалтанд орсон цагт нийслэл хотын автозамын түгжрэл буурах судалгаа бий.
Энэ бүхэнтэй танилцаад Ерөнхий сайд хотын удирдлагуудыг ажлаа маш сайн хийж байна гэж үнэллээ. Ялангуяа замын ажил маш сайн явж байна. Гол огтлолцол, уулзвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг сайн хийжээ. Энэ эрч хүчээ ирэх жил ч үргэлжлүүлэх учиртайг онцлов. Үнэхээр сүүлийн жилүүдэд хийгдээгүй зам барилгын ажил Улаанбаатарт явагдаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэснээр бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажил өндөрлөлөө.