Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна

Нийслэлчүүд бидний хувьд агаарын бохирдол, утаа нь санаа  зовоосон асуудлын нэг байсаар удаж байна. Хийхээсээ илүү ярьж, шүүмжлэгсэд ч их байлаа. Юутай ч С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй,  санхүүжилтыг нь цогц байдлаар  шийдэж агаарын бохирдлыг бууруулахаар бодит ажлыг эхлүүлээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл энэ  бодит ажлын эхний үр дүн  энэ өвөл тавигдах  эсэх,  эхлүүлж ярьсан асуудал газар дээрээ ямар байна, бэрхшээл зовлон нь юу байна гэдэгтэй танилцахаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс өмнөх цагаа зарцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулж байгаа нь энэ гээд өргөс авсан мэт болохгүй ч өөрсдийн нөхцөл бололцоонд тааруулан хэд хэдэн ажлыг хийж эхлүүлжээ. Юуны өмнө  энэ ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын халаалтын зуухнуудыг нэгтгэж, төвлөрсөн халаалтын системд холбох барилга угсралтын ажилтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. Энд нам даралтын 160 гаруй жижиг зуух төвлөрсөн халаалтад оржээ.

Нийслэлийн хэмжээнд 900 гаруй ийм зуух байдаг бөгөөд жилд 27 мянга тонн түүхий нүүрс түлж,агаарыг тэр хэмжээгээр бохирдуулж байсан энэ явдал энэ өвлөөс багасч, агаарын бохирдол лавтай 10 хувиар буурна хэмээн  ажлаа танилцуулсан мэргэжилтнүүд ярьж байна. Харин дэнжийн 1000, Амгалангийн орчимд үүнээс ч илүү зуухыг төвлөрсөн халаалтад шилжүүлэх техникийн шийдэл байгаа ч хөрөнгө төсвөөс болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгааг тэд учирлаж байлаа. Монгол улсын Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхэд шаардлагатай 3 орчим тэрбум  төгрөгийг  ирэх жилийн төсвийн тодотголд оруулан шийднэ гэдгээ амалсан нь ажил гүйцэтгэгсдэд ихээхэн урмыг өглөө.

Төвлөрсөн дулаанд холбоно гэдэг агаарын бохирдлыг бууруулахад томхон гараа болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, ирэх жил энэ ажил улам эрчимжих болно гэдгийг тэмдэглэлээ. Баянзүрх дүүргийн энэ орчимд 10 мянга орчим өрх, олон  аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд  төвлөрсөн дулаанд холбогдсоноор энэ хавьд газрын үнэ өсч байгаа мэдээ чих дэлсч байлаа. Ямартай ч гэр хорооллынхон   орон сууцны айлуудаас дутахгүй тохьтой сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаад  гүйцэтгэх засаглалын тэргүүн олзуурхааад авна лээ.

Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно

Агаарын бохирдлыг бууруулахын тулд гарц хайж байгаа дараагийн ажил нь утаагүй  түлшний асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд “ ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксжсон түлшний үйлдвэртэй  Ерөнхий сайд танилцлаа.  Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа энэ ажлын явц 60 хувьтай байгаа аж. Төлөвлөж байгаагаар анхны түлшээ ирэх оны 12 дугаар сард нийлүүлэх ёстой ч иргэдийн хүлээлтээс шалтгаалан хугацаагаа наашлуулж, оноос өмнө багтаах зорилго тавьжээ. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг  “ залгиж” байгаа тус ажил нь цоо шинэ технологи бөгөөд агаарын бохирдлыг үндэс сууриаар нь шийдэж байгаа анхны жилийн анхны бүтээгдэхүүн болох юм.  Үр өгөөжтэй, утаагүй  энэ түлшний үнийн зөрүүг татаас  болон ваучер хэрэглэх замаар иргэдээ хохироолгүй, эдийн засгийн дарамт багатайгаар тэдэнд хүргэх  эхний шатны ажлууд өгсөн үүрэг чиглэлийн дагуу  хийгдэж эхэлснийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ  .  Мөн дараагийн алхам нь зуухны асуудал бөгөөд АНУ-ын МСС-ийн тусламжтайгаар утаагүй технологид суурилсан, утааг эрс багасгах  энэ ажлыг төрийн оролцоо дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ийм технологи бүхий зуухыг 8900 гаруй айл аваад байгаа бөгөөд 6500 орчим айлд суурилуулах ажлыг эхлүүлжээ. Хэрвээ ийм зуух 90 мянга орчим айлд тараавал утаа 40 хувиар буурна хэмээн ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцуулж байлаа.  Зуух түлшээр утааны асуудлыг 100 хувь бууруулах боломжгүй, нөгөө талаар иргэдээ орон сууцжуулснаар энэ ажил давхар шийдэгдэх боломжтойг ч тэрбээр дурьдаж байв. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын үзэж байгаагаар хагас  коксжсон түлшний үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихвэл утаанд асуудал байхгүй гэлээ.

Мөн иргэд зуух авахдаа хойрго хандаж байгаа нэг шалтгаан нь хуучин зуухаа шинэ зуухаар сольж байгааг таашаахгүй байгаа аж. Гал голомт гэдэг утгаар тэд зуухаа өгөхгүй байгаа гэнэ. Харин МСС-ийнхний үзэж байгаагаар тэд яндангаа авч үлдээд  байгаагаас ажил үр дүнгүй болох шалтгаан болж байгаа юм байна. Ямартай ч иргэддээ энэ асуудлыг сайн ойлгуулж ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн зөвлөлөө.

Шарын гол Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцно

Нийслэлийн Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш буюу коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тэдний ажлын явц бодит байдалд ямар байгааг  Ерөнхий сайд мөн очиж үзлээ. Тус дүүргийнхний нэг жилд  хэрэглэж байгаа 33 мянган тонн нүүрс ийнхүү утаагүй технологиор солигдож байгаа ажээ. Түлшний асуудлаа дүүрэг дүүргээр ийнхүү шийдээд явж байгааг Ерөнхий сайд С.Батболд  сайшаалаа. Харин түлшээ өдий болтол нийлүүлэхгүй байгаа Шарын гол, Нако зэрэг компаниудтай хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн мэрд үүрэг болгов. Өөрөөр хэлбэл төсвөөс татаас авчихаад үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа бол хатуу хариуцлага тооцох ёстой гэлээ.  Утаагүй технологийг гэртээ туршиж байгаа тус дүүргийн нэгэн  айлаар Ерөнхий сайд орлоо .  Гэр хороололд  дэд бүтцийг бий болгоод өгчихвөл тохилог амьдрах нөхцлийг энэ залуухан  гэр бүл харуулж чадсан байна.  Шалаа халдаг болгож, мөн дулаан хангамжаа ч шийдсэн байв. Харин цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх  шийдвэрийг хүлээж байна гэх тэдний асуултад Засгийн газрын тэргүүн  таатай хариу  барилаа. Ийм дэвшилтэт  технолги ашиглаж, зуух түлш, гэрээ дулаалж байгаа тэдэнд зориулж шөнийн  цахилгааны үнийг 50 хөнгөлөх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд С.Батболд  дуулгалаа. Энэ нь оройны 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл үйлчлэх тариф юм. 

Агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх бас нэг чухал зүйл нь иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр бөгөөд төв болоод Яармаг хороололд шинэ хорооллыг барьж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, энэ жил 20000 айлыг орон сууцанд оруулна гэсэн мэдээллийг өгсөн.

Нийслэлээ нийслэл шиг болгохоор зорьж байгаа Засгийн газрын зорьсон ажил урагштай байгаад Ерөнхий сайд тун сэтгэл хангалуун байна. Ямартай ч нийслэл болоод дүүргийнхэн хариуцсан ажлаа дажгүй сайн хийж байна гэх үнэлэлт өглөө. Харин энэ эхлүүлж байгаа ажил хурдан, шударга, нээлттэй, чанартай  байх ёстой гэдгийг анхааруулж, бас үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж