уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар зам
засвар, арчлалт” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ удаа дараа шүүх хуралд
оролцоогүй учир энэ удаагийн хуралд албадан ирүүлсэн юм. Тэрбээр шүүх бүрэлдэхүүнд 2007 онд чухам юу болсон талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Намайг 2007 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д.Энхмандах гэх олон хүүхэдтэй ядарсан эмэгтэйг золиосолж, олон сая төгрөгийн хэрэгт унагах гэж байгаа мэтээр ярьж, бичих болсон. Би дөрвөн жил ийм зовлон амсч явна. Би 1990 онд “Эрдэнэ-Суварга” компаниа үүсгэн байгуулж, 2005 он хүртэл 15 жил 70-80 ажилтантай тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангаж, төсвөөс санхүүждэг компани. 2005 онд би улсын үйлдвэрийн захирлаар томилогдоод компаниа цаашид удирдах эрхийг эхнэр Б.Сувдаад шилжүүлсэн. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, компанийнхаа захиран зарцуулах эрхийг Б.Сувдаад шилжүүлж, ингэхдээ хоёр гишүүнтэй компанийн хувиар бүртгүүлсэн. Би эхээс 12-уулаа. Манай дүү нар “Эрдэнэ Суварга” компанид дэд захирал, ерөнхий нягтлангаас эхлээд янз бүрийн албан тушаалд ажилладаг байсан. Тэгтэл манай нягтлан дүү, дэд захирал байсан дүү маань “Эрдэнэ-Суварга” компаниас гарлаа, Д.Энхмандах, танай эхнэр хоёр ажил хийлгэхгүй байна гэсэн. 2006 оны сүүлчээр манай дүү нар танай эхнэр чинь компани дээрээ ирэхээ болилоо. Д.Энхмандах гэж эмэгтэй хамаг юмыг чинь мэддэг болж гэж хэлсэн. Үүнээс болж эхнэртэйгээ маргалдсан нь үнэн. 2007 оны зургадугаар сард Б.Сувдаа гэрээсээ гарч яваад ирээгүй. Тэгээд надад Эрхүүд сурдаг охин дээрээ очлоо гэсэн. Долоо хоноод байдаггүй. Д.Энхмандахаас асуутал “Мэдэхгүй” гэлээ. Тэгээд компани дээрээ иртэл 5-6 хүн л байсан. Бусад хаалга цоожтой байлаа. Би бүх хаалганыхаа түлхүүрийг солиулж, дүүгээ дуудаад юу болоод байгааг олж мэд гэж захисан. Энэ үед компанийн эд хөрөнгө, бусад зүйлсийг зарж үрэгдүүлснийг мэдээд, 2-3 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эхнэр Б.Сувдаа, Д.Энхмандах нарыг олж өгөхийг хүссэн юм. Тухайн үеийн нөхцөл байдалд тулгуурлаж л ийм өргөдөл гаргасан хэрэг” хэмээн ярьсан юм.
Энэ үед шүүгч түүнээс хэргийн талаар дэлгэрэнгүй асуусан юм.
-За уучлаарай. Та хавтаст хэргийн хүрээнд ярихгүй юу. Та юу нэхэмжилж байгаа юм бэ, танд ямар хохирол учрав?
-Тэр хэрэг явдал болсноос хойш дөрвөн жил өнгөрөхөд манай эхнэр Б.Сувдаа, Д.Энхмандах нарын хэн, хэн нь чухам юу болсон, хэн юу хийсэн тухайгаа огт хэлээгүй, нэг ч удаа уулзаагүй. Тухайн үед алга болсон эд зүйлсийн жагсаалтыг гаргаж, үнэлэлт өгөхөд 80 орчим сая төгрөг болж байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад ихэнх нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хамаагүй болж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий Камаз, трактор, Sonata-3 маркийн автомашиныг зарж үрэгдүүлсэн гэх хохирол тогтоогдсон. Харин Хаан банкнаас манай компанийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалж, хэн нэгэнд 30 сая төгрөгийн зээл олгосон. Ингэснээр Хаан банк намайг луйвардсан гэж би хувьдаа үзэж байгаа. Яагаад гэвэл хоёр гишүүнтэй компанид зээл олгохдоо надад мэдэгдээгүй. Би “Эрдэнэ Суварга” компанийн 50 хувийг эзэмшдэг. Тэгэхээр миний 50 хувийг нь эзэмшдэг хөрөнгөнөөс Хаан банк хэн нэгэнд миний зөвшөөрөлгүйгээр зээл олгосон учир Хаан банкнаас 30 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна.
-Танд өөр ямар хохирол учраад байна вэ?
-Би 15 жилийнхээ хөдөлмөрийг Б.Сувдаа, Д.Энхмандах гэж хоёр хүнээс болж алдсандаа харамсч байна. 2007 оны долдугаар сард гэртээ орох гээд очиход Х.Бат-Ялалт /Б.Сувдаа, Д.Энхмандах нар тухайн үед хууль зүйн зөвлөгөө өгч байсан/, н.Мэндбаяр /”Эрдэнэ-Суварга” компанийн хамгаалалтын ажилтан/ хоёр оруулаагүй. Тэр өдрөөс хойш би гэртээ ороогүй, тусдаа амьдарч байгаа. Үүнд хэн буруутай болохыг шүүх тогтоох биз дээ. Би нэг зүйлд гайхдаг. Б.Сувдаа банкнаас зээл авсан, компанийн болон хувийн машиныг зарсан, байраа Д.Энхмандахын нэр дээр шилжүүлсэн гээд бүх зүйлийг нууж байсанд гайхаж байна. Эрхүү явлаа гэхдээ Д.Энхмандахтай хуйвалдан худал хэлсэн юм билээ.
-Одоо компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учирч байна уу?
-Манай компанийг миний дүү удирдаад явж байгаа. Хэдийгээр удирдаж байгаа ч энэ хэрэг шийдэгдэхээс нааш улсын бүртгэлийг нь өөрчлөх аргагүй. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд зээл авах гэхээр Хаан банкинд өртэй гээд хаана ч хаалттай. Манай компани цэцэрлэг сургуулийн халаалт, нарийн боовны цех, зочид буудал, үсчин, халуун ус гээд үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баасанхүү:
-Таны нэр Д.Батмөнх үү, Д.Бат-Эрдэнэ үү?
-Д.Бат-Эрдэнэ.
-Таныг Д.Энхмандах, Б.Сувдаа, Хаан банк гурвын аль нь хохироосон юм бэ?
-Тэрийг шүүх шийднэ.
Шүүгч:
-Та хоёрын гэрлэлтийн баталгаа хэвээрээ юу?
-Гэрлэлтийн баталгаа хэвээрээ байгаа. Б.Сувдаа БГД-ийн шүүхэд салах өргөдөл өгсөн ч буцааж өргөдлөө татсан гэсэн.
-Д.Энхмандах гэх эмэгтэйг хэн анх ажилд авсан юм бэ?
-Намайг Авто замын газрын даргаар ажиллаж байхад “Ядарсан эмэгтэй байна, ажилд аваач” гэж манай эхнэр хэлсэн. Би ч өрөвдөөд үйлчлэгчээр ажилд авсан. Дараа нь манай эхнэрийн хариуцаж байсан “Эрдэнэ Суварга” компанид мөн л үйлчлэгчээр оруулсан л гэж ойлгож байлаа. Бүр таван ханатай, тавилгатай гэр хүртэл барьж өгч байсан юм.
Шүүх хуралд НИТХ-ын төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ хэргийн талаар дээрх байдлаар тайлбарлалаа. Харин түүний эхнэр Б.Сувдаа “Намайг Д.Энхмандах бөөгийн шашнаар ховсдож, ажил дээр ч ирүүлэхгүй байсан. Тэр хоорондоо сейфнээс компанийн бичиг баримтыг авч Хаан банкнаас зээл аваад, машин техникийг өөрийн нэр дээр шилжүүлж, зарах ажлаа амжуулсан. Д.Энхмандахаас болж манай гэр бүлийн амьдрал доройтож, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амсаад байна” гэж байв.
Харин хохирогчоор оролцож буй Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хаан банк “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Б.Сувдаад компанийн бичиг баримт, үл хөдлөх хөрөнгийг үндэслэн зээл олгосон. Зээлийн 30 сая төгрөгийг Б.Сувдаа гэх хүн өөрөө авсан болохыг мөнгө олгосон теллер Б.Туул болон бусад ажилтнууд нотолж байгаа. Тиймээс бид Д.Энхмандах гэх хүнээс бус “Эрдэнэ-Суварга” компаниас 30 сая төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилж байна” гэсэн юм.
Шүүгдэгч Д.Энхмандах “Би банкнаас 30 сая төгрөг зээлэхэд нь хамт явсан. Гэхдээ мөнгийг би гарын үсэг зурж аваагүй. Харин зээлийн түүхийг нь бичиж өгсөн. Б.Сувдаа захирал хэлэхдээ “Компаниа барьцаанд тавих юм бол Д.Бат-Эрдэнэ захиралд алдахгүй. Хурдан зээл авъя гэж байсан. Тэгээд зээлээ авчихаад өөрөө машиндаа суугаад явсан. Харин би зээлсэн мөнгийг нь аваад, хамгаалалтын албаны машинаар III, IV хороололд байдаг Б.Сувдаа захирлын дүүгийнх нь гарашид мөнгийг нь хүргэж өгсөн. Угаасаа Д.Бат-Эрдэнэ захиралд мэдэгдэхгүй гээд намайг мөнгөө авч гараарай гэж ярьсан байсан юм. Бас компанийнхаа машинуудыг зарах гээд зар өгсөн ч хүн авахгүй байсан учир бүгдийг нь миний нэр дээр шилжүүлж, надаар заруулсан. Би ямар ч мөнгө тэднээс аваагүй” гэх хариулт өгч байлаа.
Энэ мэтчилэн эх захгүй маргаан, будилаантай шүүх хурал одоо ч Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.