Ерөнхий сайд нийслэлийн бүтээн байгуулалттай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлийн бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  нийслэл хотод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, бүтээн байгуулалт, зам засварын ажлын явцтай өнөөдөр танилцлаа.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ТЭЦ-2 ТӨХК-ийг түшиглэн байгуулж буй хагас коксжсон түлшний үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэрт  хагас коксжсон утаагүй шахмал түлш үйлдвэрлэх цогц ажил явагдаж байна. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг гаргасан энэ төсөл зуухны өөрчлөлт, хагас коксжсон түлшээр шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр барих, хагас коксжсон түлш нөөцлөх агуулах барих, түлш дамжуулах хэсэгт өөрчлөлт хийх гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байна. Төслийг хэрэгжүүлснээр жилдээ 300 мянган тонн нүүрсэнд боловсруулалт хийн, 135 мянган тонн кокс боловсруулж, 210 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх юм байна. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулах, байгаль орчинд эергээр нөлөөлөх, хотын хүн амын эрүүл аюулгүй орчны стандартыг хангах, амьсгалын замын өвчлөлтийг багасгах, Улаанбаатар хотын хэмжээнд боловсруулалт хийгдээгүй нүүрсний хэрэгцээг 30 хувиар бууруулах, шинээр шууд болон шууд бусаар 150 ажлын байр нэмэгдэх гээд олон ач холбогдолтой ажил болох ажээ. Монгол инженерүүд ийм төрлийн төслийн шийдлийг бие даан боловсруулах чадвартай болсныг Ерөнхий сайд өндрөөр үнэлэв. Дараа нь нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт боловсруулсан түлш борлуулалтын цэгт очиж, түлшний нөөцтэй танилцаад Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Цагаан даваа орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжинд холбох ажлын явцтай танилцлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэл дэх 900 орчим 270 мянган түүхий нүүрс шатааж байгаа нам даралтын зуухны үйл ажиллагааг төвлөрсөн дулаанд шилжүүлэх ажил эхэлжээ. Ерөнхий сайд “Улаанбаатар хотын утааг шүүмжилж ярих нь их. Гэхдээ ярихаас хийх нь чухал.  Бухимдснаар биш шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай, системтэй санхүүжилтийг шийдэж бодитой үйл ажиллагаагаар агаарын бохирдлыг бууруулж болно” гэв. Ингээд энэ зуны турш өрнөсөн зам засварын ажлын нэг хэсэг болох Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх Дарь-Эхийн 6,7 км автозамын өргөтгөл шинэчлэлт, Сэлбийн зүүн эргээс Шадивлан хүртэлх шинээр тавигдаж буй 6 км автозам, 54 урт метр гүүрийн бүтээн байгуулалтыг үзлээ. Энэ ажлыг “Эйч Кей Би” интернейшнл холдинг компани өөрийн хөрөнгөөр барьж, дараа төлөх нөхцөлтэй гүйцэтгэж байв.

Замын нийт уртад суурь асфальтан хучилт хийсэн байлаа. 6 км урт энэ замын зорчих хэсгийн өргөн 9 метр, 1,5 метрийн өргөнтэй явган хүний замтай,  нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй цогц ажил болжээ. Зуслан руу явах автозамын ачааллыг хугаслах энэ бүтээн байгуулалттай танилцсаныхаа дараа Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Нарны гүүр төслийн бүтээн байгуулалтын явцыг очиж үзэв. Энэ гүүр ашиглалтанд орсон цагт нийслэл хотын автозамын түгжрэл буурах судалгаа бий. Энэ бүхэнтэй танилцаад Ерөнхий сайд хотын удирдлагуудыг ажлаа маш сайн хийж байна гэж үнэллээ. Ялангуяа замын ажил маш сайн явж байна.  Гол огтлолцол, уулзвар, өргөтгөл шинэчлэлийн ажлыг сайн хийжээ. Энэ эрч хүчээ ирэх жил ч үргэлжлүүлэх учиртайг онцлов.  Үнэхээр сүүлийн жилүүдэд хийгдээгүй зам барилгын ажил Улаанбаатарт явагдаж байна гэж тэрбээр дүгнэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж