Дэлхийн анхаарал Монгол руу

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхаарал Монгол руу

Уул уурхай, хөрөнгө санхүүгийн ертөнцийн анхаарал Монгол руу чиглэжээ. Таван толгойн төслийг буцаах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Оюутолгойн гэрээг өөрчлөх зарим гишүүний  шаардлага зэргээс үүдэн дэлхийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр шахуу Монголын талаар мэдээлэх боллоо. Манай төр засгийн удирдлагууд үүссэн асуудалд тодорхой тайлбар өгөхийн оронд хоорондоо уялдаа холбоогүй, зөвхөн өөрсдийгөө хамгаалсан байр суурь илэрхийлж буй нь байдлыг бүр дордуулж байна. Ирэх сонгуулийн сургаар дотоодод өрнөх болсон улстөрийн тэмцэл “савнаасаа хальж”, эдийн засгийн өсөлтийг хамж одох нь бололтой.    

“Монголын Засгийн газар ирэх жил болох тус улсын бүх нийтийн сонгуулиас өмнө Оюутолгой, Тавантолгойн хоёр том төслийн эзэмшлийн хувийг өөрчлөхөөр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж болзошгүй” гэж “РиоТинто” групп мэдэгдсэнийг Bloomberg мэдээлжээ. Мөн Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн эцсийн сонгон шалгаруултад тунаж үлдсэн АНУ-ын “Пибоди энержи”-тэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах болсон талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Bloomberg-т утсаар мэдээлсэн гэнэ. Монголын Засгийн газар “Рио Тинто” группийн хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах болсон талаар Сангийн сайд С.Баярцогт мэдээллийн “News.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурьдсаныг Bloomberg иш татжээ. 

“Тоглоомын дундаас дүрмээ өөрчлөх  нь тогтсон зүйл биш боловч Монгол улс стратегийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж буй анхны орон биш” гэж Лондоны “Либерум капитал” компанийн шинжээч Ричард Найтс Австрали, Чили улс уул уурхайн ашгийн татвартаа өөрчлөлт оруулсантай холбон ярьсан байна.   “Энэ нь гадаадын компаниудыг хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой хандах ёстойг харуулж байна” гэж тэрбээр онцолсон байна.

Bloomberg “Монгол улс коксжих нүүрсний асар том орд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, ирэх жилээс гурван тэрбум ам.долларын анхдагч хувьцаагаар олон улсын зах зээлд хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа юм. Канадын “Айвенхоу Майнз” компани болон тус компанийн хувьцаа эзэмшигч “Рио Тинто” группийн 2013 оноос хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орж болзошгүй нь. “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” групп хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын тулд зургаан жил зарцуулсан юм” гэж мэдээлжээ. 

Цааш нь  “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар Монголын Засгийн газарт  хэлэлцээр ид өрнөж байна” гэж “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Эндрю Хардинг өчигдөр Лондонд Оюутолгойн төслийн талаар хэвлэлд мэдэгдэл хийхдээ ярилаа. Монголын парламентын 20 гишүүн энэ сарын долоонд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Монголын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг өөрчилж, 50 хувь болгох саналыг Ерөнхий сайд С.Батболдод өргөн барьсан талаар Хятадын “Синьхуа” агентлаг өчигдөр мэдээлсэн. Тус агентлагийн мэдээлснээр бол хууль тогтоогчид уул уурхайн ашгийн татварыг ч мөн нэмэгдүүлэх санал гаргажээ. Харин “Айвенхоу Майнз” хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай Монголын Засгийн газартай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж энэ  сарын 20-нд Лондонд болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр мэдэгдсэн билээ. “Рио Тинто” групп Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлвэл 2020 он гэхэд Монгол улсын эдийн засаг 30 хувиар өснө гэж үзэж байгаа юм.  Монголын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард Тавантолгойн ордын баруун Цанхийн  40 хувийг БНХАУ-ын “Шинхуа  групп”, 24 хувийг  АНУ-ын “Пибоди энержи”, үлдэх 36 хувийг  Орос-Монголын хамтарсан консерциумд хамтран эзэмшүүлэх шийдвэр гаргасан авч эцэслэн батлагдаагүй байгаа юм” хэмээн Bloomberg онцолжээ.

Энэ мэтчилэн Монголын уул уурхайн талаар ойлгомж муутай, нэг нэгнийгээ үгүйсгэсэн, таагүй өнгө аястай мэдээлэл тархах болсон нь харамсалтай байна. Уул уурхайн энэ том төслүүд эхэлснээр  иргэн бид хангалуун амьдрах тухай амлалт сонгууль бүрээр сонсдог ч, дараагийн сонгууль болоход дахиад л анхны гараанаасаа эхлэх гэж үү.    

Бэлтгэсэн Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж