Шүүх хуралд улсын яллагчаар н.Чимгээ, даргалагч шүүгчээр Б.Цогт, хохирогчоор “Эрдэнэ-Суварга” компанийн хувь эзэшигч Д.Бат-Эрдэнэ, /өмнө нь Нийслэлийн авто замын даргын алба хашиж байсан/, түүний эхнэр, “Эрдэнэ Суварга” компанийн гүйцэтгэх захирал Б.Сувдаа, Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож байгаа бол шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, н.Алтанцэцэг, Н.Энхаа нар оролцож байна. Шүүх хурал өнгөрөгч сарын 25-нд болох байсан ч хохирогч Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй учир өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Түүнийг албадан шүүх хурал оролцуулах шийдвэр гарсан тул өнөөдрийн шүүх хуралд өөрийн биеэр хүрэлцэн ирээд байгаа юм. Мөн шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгч О.Баасанхүү Иргэдийн шударга шүүх ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалтыг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүгчид тавьсан хүрэлцэн ирсэнгүй. Мөн энэ удаагийн шүүх хуралд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн ахлах шинжээч н.Ганцэцэг шинжилгээний дүгнэлтээ танилцуулж, шүүх хуралд байлцлаа. Шүүх хуралд хохирогчоор оролцож буй “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарын өмгөөлөгч, Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дунд хүчтэй мэтгэлцээн өрнөж байна.
Д.Энхмандахыг шүүх хурал үргэлжилж байна
Чингэлтэй дүүргийн шүүхэд 2007 оноос хойш сунжирч байгаа Д.Энхмандахад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлж, одоог хүртэл үргэлжилж байна. Шүүх хурал 15.40 цагт завсарлаж, 15.50 цагт үргэлжлүүлэн хуралдаж байгаа юм. Шүүгдэгч Д.Энхмандахыг бусдын бичиг баримт ашиглан, хуурамч гарын үсэг зурж, Хаан банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг дур мэдэн нэр дээрээ шилжүүлж, зарж үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Харин тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард хэвлэлд хандаж, өөрийгөө “Гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ” гэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд Хөвсгөл аймгаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар баривчлагдаж ирсэн аж. Улмаар цагдан хоригдож байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарчээ.
С.Отгон