“Mines and Money Australia 2011”-ээр Тавантолгой, Оюутолгойн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

“Mines and Money Australia 2011”-ээр Тавантолгой, Оюутолгойн талаар хэлэлцэнэ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчид болон нөлөө бүхий шийдвэр гаргагчдыг цуглуулж чаддаг “Mines and Money” чуулга уулзалт ирэх сарын 10-12-нд Австралийн Сидней хотод болно. Өнгөрсөн жилүүдэд Бээжин, Лондон, Хонконгд  уг хурал амжилттай зохиогдсон төдийгүй жил ирэх тусам хуралд оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа юм. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “овоо хараа” Монголыг онилоод байгаа өнөө үед томоохон хөрөнгө оруулагчдын ийм хурал манайд үр нөлөөгөө өгөх нь ойлгомжтой.

“Mines and Money Australia”-д дэлхийд танигдсан хөрөнгө оруулалтын тэргүүний шинжээч, “Casey Research” судалгааны байгууллагын Тэргүүн Doug Casey илтгэл тавих юм байна. Мөн “Citic Resources”-ын Гүйцэтгэх захирал Зэн Чен, “Hancock Prospecting” компанийн Гүйцэтгэх захирал Тад Ватроба нар дэлхийн эдийн засгийн байдал, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын талаарх өөрийн санал бодлоо хурлын эхэнд хуваалцах аж.

Хурлын эхний өдөр буюу аравдугаар сарын 10-нд Хятадын эдийн засгийн төлөв, Австралийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал сэдвийг голчлон ярина. Харин хоёр дах өдөр нь Монголын стратегийн ордуудыг ашиглахтай зэрэгцэн бий болох боломж ба эрсдэлийн талаар ярилцах гэж байна. Хурлын хэлэлцэх сэдэвт Монголын эдийн засгийн эрсдэл тухайлбал инфляц, валютын ханшийн хэлбэлзэл, улс төр, хууль эрх зүйн байдал зэрэг сэдэв багтжээ. Мөн Оюутолгой, Тавантолгой төслөөс үүдэх боломжуудын тухай онцлон ярилцахаар төлөвлөжээ.
 
Энэ удаагийн хуралд  дэлхийн уул уурхайн 47 компанийн төлөөлөл сонирхолтой илтгэл тавихаар, мөн 85 компани үзэсгэлэнгээ танилцуулахаар албан ёсоор бүртгүүлээд байна. Манай улсаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл хуралд оролцохоор бүртгүүлжээ. The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакци уламжлал ёсоор хурлын тухай дэлгэрэнгүй сурвалжлагаа хүргэнэ.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж