Ардчилсан намаас Монгол орон даяар өрнүүлж байгаа “Монгол хүн-2020“ хэлэлцүүлэг 15 дахь аймагтаа эх орны зүүн өмнөд хязгаар Сүхбаатарчуудын дунд боллоо. Эрх чөлөөтөй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой монгол хүн гэсэн таван чиглэлээр хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн санал бодол, байр суурийг сонсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт хотод болсон хэлэлцүүлгээр иргэд мянганы замтай холбогдох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхай, цөлжилт, байгаль орчны нөхөн сэргээлт, ажлын байрыг нэмэгдүүлэх болон хөдөө орон нутагт тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх талаар санал бодлоо илүүтэй илэрхийлж байлаа. Бие биенээсээ алслагдан хөдөөгийн алс бөглүү нутагт амьдарч байгаа жирийн иргэнийхээ хэлэх гэсэн үгийг чих тавин сонсч, алс хэтийн зорилгодоо тусгах нь энэ хэлэлцүүлгийн хамгийн том зорилт ажээ. Тиймээс хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Монгол Улсын тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооний гишүүд, сумдын намын дарга нар оролцож, тус аймгийн бүх сум багт хүрч иргэдийн үгийг сонсч байгаа аж.
Сүхбаатар аймгийн удирдлагаас төсвийн орлогоо дайчлан бүрдүүлэх замаар төв суурин газраа тохижуулж буй бүтээн байгуулалтын ажлыг Н.Алтанхуяг сайд газар дээр нь үзэж танилцаад ихэд сайшааж, улсын хэмжээнд хот төлөвлөлтийн жишиг аймаг болгон хөгжүүлж болохыг аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн байна.