БНХАУ, БНАСАУ, АНУ, ОХУ, Япон, БНСУ, Сингапур, Австрали зэрэг 20 гаруй орны эрдэмтэн мэргэжилтнүүд уг уулзалтад оролцлоо. Нээлтийн ёслолд оролцсон Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жэчи "Энэ сарын 19-ний хамтын мэдэгдлийг баримтлан хэрэгжүүлэх нь талуудын зайлсхийх аргагүй хариуцлага мөн. Энэ нь Зүүн хойд Азийн урт удаан, амар амгалан байдалд чухал ач холбогдолтой" гэжээ.
Тэрбээр "Хамтын мэдэгдэл нийтлэгдсэн нь чухал ач холбогдолтой юм. Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээрийн улс төрийн хэлэлцээр, улс төрийн тунхаг, түүнчлэн хэлэлцээний үйл явц болон талуудын үйл ажиллагааг жолоодох хөтөлбөрийн чанартай баримт бичиг мөн. Өнөөдөр талуудын эрх мэдэлтнүүд нэгэн танхимд хуран цугларч, есдүгээр сарын 19-ний хамтын мэдэгдлийн үзэл санааг эргэн харж, Зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлын том үйл хэргийн талаар зөвшилцөж байгаа нь чухал ач холбогдолтой" хэмээн сайд онцолжээ.
2005 оны есдүгээр сарын 19-нд Бээжинд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний дөрөв дэх ээлжийн хоёр дахь шатны хуралд оролцож байсан төлөөлөгчдийн тэргүүн нар хамтын мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Энэ бол өнөөг хүртэл Солонгосын цөмийн асуудлын зургаан талт хэлэлцээний цорын ганц бодит чанартай баримт бичиг юм.
Уг баримт бичгийн агуулгад "БНАСАУ цөмийн зэвсэг болон одоогийн цөмийн зэвсэг хөгжүүлэх төлөвлөгөөгөө бүхнийг орхихоо амлах, Солонгосын хойгт цөмийн зэвсэг байрлуулахгүй, цөмийн зэвсэг юм уу, ердийн зэвсгээр Солонгосыг дайрахгүй, түрэмгийлэхгүй гэдгээ АНУ нотлох, БНАСАУ-ын тал цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах эрхтэй гэж мэдэгдэх, бусад талууд тохиромжтой үед БНАСАУ-д хөнгөн усны урвалын зуух олгох асуудлыг авч хэлэлцэнэ" хэмээн заасан юм.
БНАСАУ болон Америк арга хэмжээ авч харилцаагаа хэвийн болгохоо амласан юм. Үүнээс гадна, хоёр талын болон олон талын арга хэлбэрээр эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэн, бусад таван тал БНАСАУ-д эрчим хүчний дэмжлэг үзүүлэхийг зургаан тал амласан байна.
Энэ удаагийн уулзалтыг даргалсан Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн захирач Чю Шин нээлтийн ёслолыг нээж "Есдүгээр сарын 19-ний хамтын мэдэгдлийн тогтоосон зарчим бол Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үндсэн гарц болно" гэжээ.
Хамтын мэдэгдэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үндсэн хандлага юм. Энэ нь талуудын анхаарлыг тэнцвэртэйгээр харгалзсан. Мөн холбогдох талуудын хойшид харилцаагаа зохицуулах үндсэн зарчмыг тогтоолоо заримд өгүүлсэн байна.
Чю Шин уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийтлэг ойлголт, шинэ санаа, бүтээлч чанар, хянуур болгоомжтой гэх дөрвөн үгээр хурлыг үр дүнг хураангуйллаа. Тэрбээр "Хуралд оролцсон талууд есдүгээр сарын 19-ний хамтын мэдэгдлийг улс төрийн чухал баримт бичиг мөн. Энэ нь бүх талын тэнцвэртэй байх зарчмыг харуулж, уг мэдэгдлийг бүх талаар хэрэгжүүлэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлэн. Зургаан талт хэлэлцээг дахин эхлүүлэх цаг болсон гэж санал нэгтэй хүлээн зөвшөөрлөө.
БНАСАУ-ын төлөөлөгчдийн хурал дээр хэлсэн үг шинэлэг санаа агуулж, АНУ, Японы эрдэмтэд ч зургаан талт хэлэлцээний ирээдүйд өөдрөг байр суурьтай байлаа. Талууд олон асуудал дээр асар их санал зөрөлдөөнтэй байгаа ч харилцан хүндэтгэх үндсэн дээр бүгдээрээ маш тэвчээртэй байлаа" гэжээ.
Албан бус байдлаар энэ уулзалтад оролцсон БНАСАУ-ын Гадаад харилцааны дэд сайд, зургаан талт хэлэлцээний Хойд Солонгосын талын төлөөлөгч Ри Юн Хогийн мэдэгдэл олны анхаарлын татсан байна. Тэрбээр "Есдүгээр сарын 19-ний хамтын мэдэгдлийг өндрөөр үнэлж, тус мэдэгдлийн хамгийн их амжилт бол БНАСАУ зэвсэгт ашиглах плутоныг баяжуулахаа болзсон ёсоор зогсоосон. Уулзалт маш тохиромжтой цагт боллоо. Энэ нь зургаан талт хэлэлцээг эхлүүлэхэд чухал түлхэц болох болно" хэмээсэн байна.