Замын-Үүдэд цогцолбор барилга ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд цогцолбор барилга ашиглалтад орлоо

Хилийн боомтод ажиллаж байгаа цагдаа, хил, гааль, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Замын–Үүд боомтод цогцолбор барилга барьсан нь ашиглалтад орлоо. Тус цогцолборт дээрх албаныхны ажлын байр, мөн албан хаагчдын орон сууцыг дагуулж барьснаараа онцлогтой. Түүнчлэн гадаадын иргэдийг түр саатуулах байр ч давхар баригдсан юм.

Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хурдацтай хөгжсөний дотор өмнөд хөрштэй харилцах харилцаа бусдаасаа тэргүүлж буй аж. Тэр хэрээр хоёр орны иргэд харилцан зорчих байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ худалдаа хамгийн өндөр хувь эзэлж буй юм. Түүнийгээ дагаад цагдаа, хил, гааль, гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба, мэргэжлийн хяналтын албаныхны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болж буйгаас гадна нийгмийн асуудалд нь анхаарах зүй ёсны шаардлагатай болсон тул дээрх цогцолборыг барьжээ. Хэдийгээр олон нийтийн зүгээс таван толгой тал тал тийшээ харж суучихаад бие биенийхээ ажлыг үгүйсгэдэг, нэг нь шалгаад дуусангуут дахиад нэг нь үргэлжлүүлэн шалгаж, цаг алдаж, хүнд суртал учруулдаг гэх шүүмжлэлийг олонтаа сонсдог ч УИХ-аас Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлогыг баталж өгснөөр эдгээр байгууллагууд нэг удирдлагад орж, хаа, хаанаа хүндрэл учруулах байдал цэгцэрнэ гэж үзэж буй билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж