Эрдэмтэн, судлаачид цуглаан зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Эрдэмтэн, судлаачид цуглаан зохион байгуулна

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос энэ салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын нийгмийн асуудалтай холбогдуулж, хэвлэлийн бага хурал зарлалаа. Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг нь хамгаалахаар ажилладаг тус хороо 2009 оноос эхлэн шинжлэх ухааны салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр БСШУЯ-нд удаа дараа хандаж, шаардлага хүсэлтээ тавьж, уулзаж ярилцсан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй тул дараагийн арга хэмжээндээ орохоор төлөвлөөд буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр дуулгав.

Тэд шинжлэх ухааны салбарын цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлэх, мөн тус салбарт зэрэг дэвийн урамшуулал, нэмэгдэл олгоно гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар харьяа яамандаа хандаад буй. Тэдний хэлснээр өнгөрсөн онд дээрх шаардлагуудыг удаа дараа хүргүүлж, харилцан ярилцаж, ажлын хэсэг хүртэл байгуулсан боловч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Хамгийн сүүлд Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос энэ сарын 12-нд БСШУЯ-ны сайдын нэр дээр хаягласан хоёр ч албан хуудас хүргүүлж, тав хоногийн хугацаанд хариу өгөхийг шаардсан гэнэ. Тэрхүү тав хоногийн хугацаа 17-ны өдрийн 18.00 цагаар дуусгавар болж, хариу авч чадаагүй тул дараагийн шатны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдсэн ажээ. Тэд маргааш 11.00 цагт БСШУЯ-ны үүдэнд цуглаан зохион байгуулах ба хэрэв асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол ирэх долоо хоногоос суулт хийхээ мэдэгдлээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж