
Тэд шинжлэх ухааны салбарын цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлэх, мөн тус салбарт зэрэг дэвийн урамшуулал, нэмэгдэл олгоно гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлаар харьяа яамандаа хандаад буй. Тэдний хэлснээр өнгөрсөн онд дээрх шаардлагуудыг удаа дараа хүргүүлж, харилцан ярилцаж, ажлын хэсэг хүртэл байгуулсан боловч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Хамгийн сүүлд Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос энэ сарын 12-нд БСШУЯ-ны сайдын нэр дээр хаягласан хоёр ч албан хуудас хүргүүлж, тав хоногийн хугацаанд хариу өгөхийг шаардсан гэнэ. Тэрхүү тав хоногийн хугацаа 17-ны өдрийн 18.00 цагаар дуусгавар болж, хариу авч чадаагүй тул дараагийн шатны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдсэн ажээ. Тэд маргааш 11.00 цагт БСШУЯ-ны үүдэнд цуглаан зохион байгуулах ба хэрэв асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол ирэх долоо хоногоос суулт хийхээ мэдэгдлээ.