УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан хоёр дахь шийдэл нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ. Нийт 19 асуудлыг тэргүүн эгнээнд жагсаасан байна. Нэгдүгээрт, Компанийн тухай хууль, хоёрдугаарт Төсвийн тухай хууль багтсан бол гуравт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг оруулжээ. Харин Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлэх Монгол Улсын 2011 оны төсөвт тодотгол хийх төсөл наймд. Улмаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрөөс 2012 оны мөнгөний талаар баримтлах бодлого зэрэг төслүүдийг жагсаажээ.
Гурав дахь томоохон шийдвэр нь ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар аравдугаар сарын 12-ноос Монгол Улсад айлчлах гэж буй. Энэхүү айлчлалтай холбогдуулан Хүндэтгэлийн чуулганыг аравдугаар сарын 13-нд хийхээр шийдвэрлэсэн байна. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нь хүндэтгэлийн чуулганд үг хэлэхээр болсон юм байна.
Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр намын бүлгүүд ойлголт, байр суурь ойртсон гэсэн үг үү?
-УИХ-ын Сонгуулийн тухай хууль эцсийн хэлэлцүүлэгт байгаа. УИХ-ын хаврын чуулганы эцсээр намын бүлгүүдийн мэтгэлцээний дунд яриа хэлэлцэл өрнөсөн. Тийм учраас нэлээд дөхсөн. Даваа гаригт намын бүлгийн хуралдааныг түр хойшлуулж, ажлын хэсэг хуралдах гэж байгаа нь үндсэн зарим асуудал дээр санал бодлоо нэгтгэх шаардлага бий. Энэ хуулийг батлахын төлөө намын бүлгүүд ажиллаж байна гэсэн үг.
-Завсарлагааны хугацаанд хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр ярьсан юм байдаг болов уу?
-Одоо энэ хуульд ямар асуудал орсон, тогтолцоо яав гэдэг дээр тодорхой хариулт өгөх боломжгүй. Ажлын хэсэг хуралдаад байнгын хороод хуралдаад эхлэхээр бүтэц нь ямар байх юм, ямар асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байна вэ гэдэг нь тодорхой болно.
-УИХ-ын гишүүн Х.Наранхүүг албан тушаалын хэргээр гадаад руу гарахыг хориглож, эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын Тамгын газарт ямар нэг албан бичиг ирсэн үү?
-Сүүлийн зарим хэвлэл дээр УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбогдох асуудлаар мэдээлэл гараад байгааг уншсан. Одоогийн байдлаар УИХ болон УИХ-ын Тамгын газарт УИХ-ын эрхэм гишүүн Х.Наранхүүтэй холбоотой ямар нэгэн асуудал ирээгүй байна. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.
-Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай холбоотой асуудал намрын чуулганаар хэлэлцэгдэх үү?
-Энэ асуудалд одоогоор тайлбар хийх боломжгүй. Асуудал байгаа нь үнэн.