“Бид эдгээр таван асуудлыг амар амгалан маргаашийг бий болгох боломж гэж харж байна” хэмээн ноён Бан Ги Мүн хэлсэн юм. “Эдгээрээс хамгийн чухал нь болох тогтвортой хөгжилд хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын төлөө тууштай ажиллаж, усны нөөц, сэргээгдэх эрчим хүчний тогтвортой бодлого хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэнд, хүнсний асуудалд анхаарч, эмэгтэйчүүдийг дэмжих хэрэгтэй” гэлээ. Бан Ги Мүн, олон улсын маргааныг цэргийн хүчээр шийдвэрлэхээс илүү зуучлалын аргаар шийдэх тухай мөн илтгэлдээ дурьдлаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа чухам тийм зорилгоор Зааны ясан эрэг, Афганистан, Ирак, Суданд хэрэгжиж байна гэсэн юм. Мөн НҮБ урьд өмнөхөөсөө илүү хурдан, үр дүнтэй туслалцаа үзүүлж чадаж байгаагийн жишээ бол Пакистан, Гаитигийн жишээ юм гээд лидерүүдэд хандаж, Африкт өлсгөлөн, мөргөлдөөнөөс болж зовж зүдэрч байгаа 13 сая хүүхдэд туслахад нэгдэхийг урилав. Арабын орнуудад өрнөж байгаа шилжилтийн үйл явц нь богино хугацаанд ил тод засаглалд шилжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ноён Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм.
Чуулганыг нээж Бразилийн Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеф үг хэллээ. НҮБ-ын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч Ерөнхий Ассамблейн санал шүүмжлэлийг нээж үг хэлж байгаа нь энэ аж. Дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үг хэлсэн. Тэрээр Израиль, Палестины асуудлаарх АНУ-ын байр суурийг дахин нотлоод, асуудлыг шийдвэрлэхэд талуудын харилцан буулт хийж, зөвшилцөх нь юу юунаас илүү чухал гэсэн юм. Ливид хэдэн арван жил ноёрхсон дарангуйллыг хэдхэн сарын дотор түлхэн унагааж чадсан нь эрх чөлөө, амар амгаланг хүссэн ард түмнийх нь хүсэл эрмэлзлийн хүч юм гээд ийм хүсэл эрмэлзлийн ачаар АНУ-ын цэрэг энэ оны сүүлээр Иракаас бүрэн гарч явна. 2014 он гэхэд Афганистанд тайван байдлыг бүрэн тогтоож чадна гэсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 100 орчим төр засгийн тэргүүн үг хэлэх болно.