Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа бататгана

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа бататгана

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж
байна.

Чуулганы дарга ноён Абдулазиз – Аль Нассер,
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон Танд  Монгол Улсын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, нэр хүндтэй энэ үүргээ биелүүлэхэд тань бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон ноён Бан Ги Мүн Танд чин сэтгэлийн баяр хүргэж, энх тайван, аюулгүй байдал болон хөгжлийн төлөөх НҮБ-ын үүргийг бодитой нэмэгдүүлж чадсанд талархал илэрхийлье. Таныг энэхүү өндөр албанд дахин улираан сонгосон нь өнгөрсөн таван жилийн хугацаанд НҮБ-ыг чадварлаг удирдсан Таны хичээл зүтгэлийг олон улсын хамтын нийгэмлэг сайшааж, ирээдүйн үйл хэрэгт тань итгэл хүлээлгэж  байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Улс түмний хамтын нийгэмлэгийн эгнээнд нэгдэж, НҮБ-ын 193 дахь гишүүнээр элссэн Өмнөд Судан Улсын ард түмэнд монгол түмнийхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Ноён дарга аа,

Олон улсын хамтын нийгэмлэг эргэлзээтэй, эгзэгтэй цаг үед тулж ирээд байна. Санхүү, эдийн засгийн хямралын дараах сэргэлт тогтвортой биш,нийгмийн үр дагавар нь улам гүнзгийрч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх хандлагатай байна. Урьд өмнө үзэгдээгүй байгалийн гамшиг давтагдаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудад тулгарч буй хүндрэл, сорилтууд нэмэгдэж байна.Дэлхийн хүн ам ирэх сард 7 тэрбумд хүрнэ. Гэтэл нэг тэрбум гаруй хүн өлөн зэлмүүн амь зууж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас саарлаа. Зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын яриа хэлэлцээ, зуучлал  тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.

Даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд эдгээр сорилтууд хамтын шийдлийг шаардаж байна. Оновчтой шийдлийг олохын тулд засаглалын механизмыг сайжруулж, шинэчлэх хэрэгтэй. Үүнийг олон улсын байгууллагуудын оролцоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм. Дэлхийн эдийн засгийн удирдлагад НҮБ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы үеэр сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж, Их-20-ийг даргалж буй улс орнуудтай яриа хэлэлцээ хийж ирсэн нь эхний чухал алхам мөн. Цаашид олон улсын эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд НҮБ, түүний дотор Эдийн засаг, нийгмийн Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн мянганы хөгжлийн  зорилтыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, улмаар 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудаа тодорхойлох зайлшгүй шаардлага ч гарч байна.

Эдгээр зорилт нь хөгжиж буй орнуудыг дэлхийн эдийн засгийн интеграцид бодитой оролцох боломжийг олгох ёстой. Ингэхдээ нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын хөгжлийн эмзэг байдлыг харгалзан үзвэл зохино. Энэ чиглэлд сүүлийн 10 гаруй жилийн турш үргэлжилж буй олон талт худалдааны хэлэлцээний Доха-гийн үе шат нааштай шийдэлд хүрэхийг бид хүлээсээр байна.

НҮБ-ын зургаан гишүүн тутмын нэг нь далайд гарцгүй хөгжиж буй улс байдаг бөгөөд дэлхийн зах зээлээс алслагдсан, тээврийн өртөг өндөр зэрэг нь эдгээр улс орны хөгжилд бодит саад бэрхшээл учруулдаг юм. НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд эдгээр орны нийтлэг эрх ашгийг урагшлуулах чиглэлд бид анхаарлаа хандуулж бүлгийн гишүүн орнуудтай хамтран ажиллаж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээгдсэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн ажлыг эхлүүлсэн нь Алматын үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтэд тус дөхөм болно гэдэгт итгэж байна. Иймээс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд чухал ач холбогдолтой дээрх судалгааны төв байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлахыг холбогдох улс орнуудад уриалж байна.

Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг өнгөрсөн жил хянан үзэж, түншлэлийг бэхжүүлэхээр тохиролцсон. Гэтэл НҮБ-аас саяхан гаргасан судалгаанаас үзэхэд хөгжлийн албан ёсны тусламж, худалдаа, өрийн дарамтыг хөнгөвчлөх болон орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлээр үүрэг амлалтын биелэлт туйлын хангалтгүй байна. Монгол Улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын 66 хувь нь 2015 он гэхэд бүрэн хэрэгжих боломжтой хэдий ч ядуурал, хүрээлэн буй орчны доройтол, жендерийн тэгш бус байдлыг арилгах тухай зорилтууд үлэмж хоцорч байна. Энэ нь үлдэж буй хугацаанд төр, засгийн болон олон улсын хамтын ажиллагааг  эдгээр асуудалд  хандуулах шаардлагатай болохыг тод томруун харуулж байна.

Ядуурлыг бууруулах чиглэлээр манай улс тодорхой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Ядууралтай холбоотой нийгмийн ноцтой нэг асуудал бол архидан согтуурах явдал мөн. Ерөнхийлөгч миний бие архины хэрэглээг бууруулах, архинаас татгалзах чиглэлээр үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлж, олны дэмжлэгийг аваад байна. Ийм хөдөлгөөнийг олон улсын хэмжээнд дэлгэрүүлж үр дүнд хүргэхэд архины хэрэглээг бууруулах, хяналт тавих чиглэлээр суурь конвенцийг боловсруулж, батлах нь чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна.     

Ноён дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлт, ган, газрын доройтол, цөлжилт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй ноцтой сорилтуудын нэг боллоо. Эдгээр сорилтыг даван туулахад өчигдөр болсон цөлжилтийн асуудлаарх өндөр түвшний уулзалт чухал ач холбогдолтой юм. Цөлжилт, ган, газрын доройтлын нөлөөнд жил бүр дэлхийн 2 тэрбум хүн өртөж, нийт газар нутгийн 50 орчим хувь нь цөлжөөд байгаа мэдээлэл үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Үүнд Та бид дүгнэлт хийж, энэ нөлөөллийг иж бүрнээр судалж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах  судалгааны хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.    Энэ оны эцсээр Дурбан хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудын 17 дугаар бага хурал хүлэмжийн хийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд тодорхой үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Дэлхий дахинаараа ногоон эдийн засагт шилжих нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, цөлжилт, газрын доройтол, экосистемийн сүйрэл, биологийн төрөл зүйлсийн хомсдол, ядуурлыг зогсоох үндсэн арга мөн.

Хөгжиж буй орнууд, түүний дотор манай улсад ногоон эдийн засагт шилжихэд эрчим хүчний үйлдвэрлэл, барилга, хүнс хөдөө аж ахуйн салбарт ногоон технологи нэвтрүүлэх, үндэсний чадавхийг бүрдүүлэх чиглэлээр санхүүгийн болон мэргэжлийн туслалцаа дэмжлэг нэн хэрэгтэй байна. “Рио+20” бага хурал энэ талаар зохих шийдвэр гаргана гэж итгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээхэн өртөж буй орны хувьд Монгол Улс дэлхий нийтийн хүч чармайлтыг дэмжиж, 2012 онд ус болон ойн менежментийн асуудлаар  АСЕМ-ийн улсуудын Байгаль орчны сайд нарын бага хурлыг өөрийн оронд зохион байгуулахаар ажиллаж байгаагаа энэ ялдамд илэрхийлэхэд таатай байна.

Ноён дарга аа,

Өнгөрч буй жил дэлхийн түүхэнд онцлог шилжилтийн үе байлаа. Арабын хавар сая сая хүнд эрх чөлөө авчирлаа. Гэхдээ Арабын хавар дуусах болоогүй. Эрх чөлөөний төлөө хувьсгал бол нийгмийн өөрчлөлтүүдийн хамгийн хэцүү нь биш юм. Эрх чөлөөт, нээлттэй, шударга иргэний нийгмийг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйл явц түүнээс ч илүү хэцүү байдаг. Үүнийг бидний өвөг дээдэс ч сургаж байсан. Ардчилсан өөрчлөлт хийсэн бидний 20 гаруй жилийн сургамж, өнөөдрийн үйл явц ч нотлон харуулж байна. Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, Мянганы хүнээр зүй ёсоор тодорсон Их Эзэн Чингис Хаан “Мориноосоо буулгүй ертөнцийг эзлэх амархан, харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлэх хэцүү” гэсэн оньч мэргэн сургааль айлдсаныг энд дурьдмаар байна. Эрх чөлөөгөө олж авах хувьсгалыг хүмүүс мянга мянгаараа цуглаж, тэмцэж хийдэг. Харин эрх чөлөөтэй амьдрах үнийг нэг нэгээрээ төлдөг. Эрх чөлөөнд сорилтууд тулгарч байгаа ч эрх чөлөө нь нийт хүн төрөлхтний ирээдүй гэдэгт би итгэдэг.

Ноён дарга аа,

Дэлхий дахинаа ардчиллын хэм хэмжээг бэхжүүлэн дэмжих зорилго бүхий Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын нэр хүндтэй, хариуцлагатай албыг Монгол Улс өнгөрсөн 7 дугаар сараас хүлээн авлаа. Ирэх хоёр жилийн хугацаанд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэхдээ ардчиллын боловсрол, сайн засаглалыг төлөвшүүлэх, авилгалтай тэмцэх, иргэний нийгэмтэй түншлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бид тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах болно. Ардчилсан өөрчлөлт өрнөсөн сүүлийн 20 жилд Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин бүтцийг үндсээр нь өөрчилж, зах зээлийн эдийн засаг, чөлөөт сонгууль, хэвлэлийн эрх чөлөө, иргэний нийгмийг эрхэмлэн дээдэлсэн шинэ ардчилсан тогтолцоог бий болгож чадсан. Эдгээр ололтоороо бид зүй ёсоор бахархаж байдаг юм. Гэхдээ энэ нь бүх зүйл сайн сайхан болчихлоо гэсэн үг биш гэдгийг бид бүрнээ ухамсарлаж байна. Ардчиллын үнэт зүйлсийг иргэн бүрт төлөвшүүлэхэд цаашид ихийг хийх шаардлагатай байна. Юуны өмнө авлига, хээл хахуулиас ангид, бие даасан шүүх засаглал бүхий цэвэр тунгалаг төрт ёсыг бататган бэхжүүлэх ёстой. Энэ нь төр, засаг нь ард иргэдээ сонсдог, тэдэнд үйлчилдэг, хууль цаазыг хоёр нүүр гаргалгүй нэгэн утгатайгаар хэрэгжүүлдэг, төрийн эрхийг байх ёстой хэмжээнд нь хязгаарладаг, нэг үгээр хэлбэл хүнээ, иргэнээ дээдлэн дэмждэг байх учиртай.

Ардчилал, нээлттэй нийгэмд учирч буй эдгээр саад, бэрхшээлийг арилгах зорилгоор ардчилсан засаглал, хүний эрхийг хангах, авлигыг үл тэвчихэд чиглэсэн Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг Монгол Улс дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд бид засаглалаа ил тод, нээлттэй, тунгалаг болгохыг зорьж байна. Тийм ч учраас Монгол Улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг тэргүүлж, “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн тухай санаачилгыг бүрэн дэмжсэн орны хувьд үндэсний хэмжээнд засаглалаа сайжруулахыг эрмэлзэж буй бүх улс орнуудад “Авлигыг үл тэвчих” хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Ноён дарга аа,

Арабын өөрчлөлтийн дараа арабын сорилт ирнэ. Ардчиллын үйл явц тухайн улсын хөрсөнд соёолон хөгждөг хэдий ч түүнийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжин тэтгэх учиртай. Иймд тэмцлийн талбараас гарах гэж яарах хэрэггүй гэдгийг ардчилал төлөвшсөн улс орнуудад уриалмаар байна. Ардчилах гэдэг бол баруунжих гэсэн ойлголт огт биш. Ардчилал улс орон бүрийн түүх, соёл, хөгжлийн онцлогт нийцэн өөрийн жам ёсоор өрнөх ёстой. Хэдий тийм боловч эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь амжилттай, хариуцлагатай ардчиллын нийтлэг хандлага мөн.  Муу засаглал бол хамгийн ноцтой асуудал мөн. Ийм засаглалыг сайжруулж төгөлдөршүүлэх гэсэн хүсэл эрмэлзлийг ямагт дэмжих учиртай.

Эрх чөлөө, хүний эрх, ардчиллын төлөө олон сарын турш цөхрөлтгүй тэмцэж ирсэн ливийн босогчдын мятаршгүй зориг, тэвчээрийн үр дүнд Ливийн шинэ үе эхэллээ. Хурандаа Каддафи эрх чөлөөг эрхэмлэсэн нутаг нэгтнүүдээ “хархнууд” гэж нэрлэж, хайр найргүй үстгахыг уриалж байсан. Одоо тэр өөрөө хүнд хөөгдсөн харх адил нүхнээс нүхэнд зугатаж явна. Ард түмнийхээ эрх чөлөө, нэр төртэй амьдрах гэсэн хүсэл эрмэлзлийг нухчин дарагч хэн бүхэнд ийм хувь заяа ноогдож болох юм. Монгол Улс Ливийн ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэн үзэж, Үндэсний шилжилтийн зөвлөлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ардчилал, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн шинэ Ливийн төлөөх шилжилтийг бүрэн дэмжиж байна.

Эрх чөлөө, шударга ёсны төлөөх энгийн иргэдийнхээ тайван жагсаалыг байлдааны машин, мэргэн буудагчид, цэргийн хүчээр цус урсган дарах гэж хүний ёсноос гадуур зэрлэг авирлаж буй Сири дэх Асад Ал Баширын дэглэмийн эсрэг дэлхийн хамтын нийгэмлэг хоёр нүүр гаргах хэрэггүй. Аймшигт зэрлэг аллагаа зогсоо гэж нэгэн дуугаар түүнээс шаардацгаая. Энэ чиглэлд хэрэгтэй шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, өдөр бүр зоригт охид хөвгүүдээ олон арваар нь алдаж байгаа эрх чөлөө, шударга ёсыг хүссэн Сирийн эрэлхэг ард түмэнд туслах хэрэгтэй. Эрх чөлөөтэй амьдрах гэсэн хүний хүсэл зориг бол энэ дэлхий дээр байгаа хамгийн том хүч юм. Энэ хүчний эсрэг ямар ч харгис дэглэм мөнхөд зогсож чаддагүй юм. Энэ үгийг би Йемений эрх баригчдад болон иргэдийнхээ эрх чөлөөний тэмцлийг нухчин дарахыг оролдож буй дарангуйлагчдад хэлмээр байна.

Ноён дарга аа,

“Маргааныг энхийн замаар шийдэхэд зуучлалын гүйцэтгэх үүрэг” сэдвээр энэ жилийн чуулганы Ерөнхий шүүмжлэлийг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон гэж үзэж байна. Маргааныг энхийн замаар шийдвэрлэх нь НҮБ-ын үндсэн зорилго мөн. Улс хоорондын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах чиглэлээр Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний элч төлөөлөгчид дипломат үйл ажиллагааг чадварлаг явуулж ирснийг бид сайшаан тэмдэглэж байна. Цаашид НҮБ-ын чадавхийг энэ чиглэлээр улам бэхжүүлэхэд гишүүн орнууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хэрэгтэй.

Зуучлалыг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай нэг бүс нутаг бол Зүүн хойд Ази гэж бодож байна. Гэвч тус бүс нутагт итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх албан ёсны механизм үгүйлэгдсээр байна. Тийм учраас Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах байнгын ажиллагаатай механизм  бий болгох саналыг дэвшүүлсэн бөгөөд түүний ач холбогдол өнөөдөр ч буураагүй байна. Энэ чиглэлд холбогдох талуудтай зөвлөлдөж хамтран ажиллахыг бид хичээж байна.

 
Ноён дарга аа,

Одоогоос 10 жилийн өмнө 9 дүгээр сарын 11-нд Нью-Йорк хотноо болсон террорист халдлага ихэр цамхагийг нурааснаас биш эрх чөлөөг нухчин дарж чадаагүй, чадах ч үгүй. Монгол Улс нь терроризмын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн тэмцлийг  тууштай дэмжиж ирсэн төдийгүй үүнтэй холбоотой НҮБ-ын бүх конвенцид нэгдэн орсон орны хувьд баттай хэлэх байна. Дэлхий  ертөнцийг  цөмийн зэвсгээс ангижруулах, цөмийн эрчим хүчийг  гагцхүү энхийн үйлсэд ашиглах хүч чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цөмийн станцуудын аюул осолгүй, найдвартай байдлыг бэхжүүлэх нь хичнээн чухал бөгөөд ач холбогдолтой болохыг өнгөрөгч гуравдугаар сард Фүкүшима Дайчи-ийн цөмийн станцад гарсан осол дахин сануулж байна. Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаарх өндөр түвшний уулзалтыг маргааш зохион байгуулах болсныг сайшааж байна. Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай  олон улсын гэрээний хэрэгжилтийг дүгнэх  2010 оны Бага хурал нь дэлхий нийтэд цөмийн зэвсэггүй  бүсүүдийг тэлэн өргөжүүлэхэд шинэ түлхэц үзүүлсэн. Ойрхи Дорнодыг цөмийн зэвсэггүй бүс болгох  санаачилга дэлхийн энхийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрсөн  цөмийн зэвсэггүй статусаа бататгахын төлөө цаашид ч ажиллах болно. Энэ зорилгын хүрээнд бид цөмийн  зэвсэгтэй  улс гүрнүүдтэй зөвлөлдөж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг байршуулах асуудал байхгүй гэдгийг Ерөнхий Ассамблейн энэ хүндтэй индрээс онцлон хэлэхийг хүсч байна. Ер нь энэ мэт асуудлыг өнөөгийн ертөнцөд хүчээр шийдэх боломжгүйг бүгд ойлгох ёстой.

Ноён дарга аа,

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй цаг үетэй энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулган давхцаж байгаа нь түүхэн билэгдэлтэй, онцгой чухал үйл явдал гэж үзэж байна. 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монголын ард түмний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн тусын тулд идэвхтэй, амжилттай үүрэг гүйцэтгэх үүд хаалгыг нээсэн билээ. Мөн энэ жил Монгол Улсын тулгар төр байгуулсаны 2220 жил, Үндэсний тусгаар тогтнол болон орчин үеийн дипломат албаны 100 жил,  Ардын хувьсгал ялсны 90 жилийн ой тохиож байна.

Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд цар хүрээ, утга агуулгын хувьд өргөжин тэлж ирлээ. Эдүгээ Монгол Улс 240 гаруй олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон бөгөөд 110 гаруй олон талт байгууллагын гишүүн болоод байна. Хүний нөөц, чадавхийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгалийн гамшигтай тэмцэх чадамжийг бэхжүүлэх үйлсэд НҮБ-ын оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Монгол Улс ч өнгөрсөн 50 жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хичээж, эрмэлзэж ирсэн. Тухайлбал Монгол Улсын санаачилгаар Ерөнхий Ассамблейгаас Энх тунх амьдрах хүний эрх, олон улсын яриа хэлэлцээний зарчмууд, зэвсэг хураах долоо хоног, Бичигтэн болох НҮБ-ын арван жил болон хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг урагшлуулсан олон чухал тогтоол баталсныг тэмдэглэхэд таатай байна. Түүнчлэн манай цэргийн албан хаагчид НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээнд Конго Улс, Баруун Сахар, Өмнөд Судан, Эритрей, Гүрж, Сьерра Леоне, Чад, Дарфур зэрэг халуун цэгт үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Ийнхүү өнгөрсөн хагас зууны туршид Монгол Улс НҮБ-ын дүрмээр хүлээсэн үүрэгтээ үнэнч, идэвхтэй гишүүн байсаар ирсэн бөгөөд цаашдаа ч НҮБ-ын олон талт үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах итгэл төгс байна. Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр болох Аюулгүйн Зөвлөлийн 2023-2024 оны байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэснийг сонордуулж, дэмжин ажиллахыг та бүхэнд уриалж байна.

Ноён дарга аа,

Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад НҮБ-ын оролцоо, манлайлал улам бүр нэмэгдэж байна. Эдгээр чиглэлд тодорхой шийдэлд хүрч, улс орнууд, ард түмнүүдийн амьдрал, амьжиргаанд тус дэм болох шийдвэрийг Ерөнхий Ассамблейн энэхүү чуулганаас баталж, амжилт гаргахыг хүсч байна. Хүн төрөлхтний аюулгүй, эрх чөлөөтэй, шударга ёс хэрэгжсэн, нэр төртэй сайхан амьдралыг цогцлоон бүтээх үйлсэд НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагаа нэн чухал бөгөөд үүний тулд НҮБ үйл ажиллагааныхаа хүрээнд томоохон шинэчлэлт хийж улам илүү үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэл төгс байна.

Анхаарал тавьсанд баярлалаа. 

Нью Йорк, 2011 оны 9 дүгээр сарын 21.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж