Жулиан Ассанжийн тухай ном худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийн тухай ном худалдаанд гарлаа

“Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн амьдралыг өгүүлсэн ном өнөөдөр Их Британид худалдаанд гарч байна. “Канонгэйт” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан уг номын цахим хувилбар ч мөн зах зээлд гарч байгаа юм. Гэвч уг ном ихээхэн хэл ам дагуулж мэдэхээр байна.

Жулиан Ассанжи уг номыг өөрт нь мэдэгдэлгүй, уншуулж нягтлуулалгүйгээр хууль бусаар хэвлэсэн хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн жил тэрбээр “Канонгэйт” хэвлэлийн газарт өөрийнхөө тухай ном хэвлүүлэх эрхийг хагас сая ам.доллараар худалдсан. Үүнийхээ дараа ийм ном хийх ямар ч хүсэлгүй байсан боловч урт хугацаанд үргэлжилж буй шүүхийн маргаанаас үүдэлтэй төлбөр, тооцоог барагдуулах мөнгө хэрэгтэй байсан учир аргагүй эрхэнд ийм алхам хийлээ хэмээн тайлбарласан. Хэсэг хугацааны дараа номын гар бичмэлийг уншиж үзээд гэрээгээ цуцлахыг мэдэгдсэн боловч гэрээний дагуу авсан мөнгөө эргүүлэн төлөөгүй учир хэвлэлийн газар нь ийнхүү ном болгон хэвлүүлээд худалдаанд гаргажээ. “Канонгэйт” энэхүү номын эрхийг дэлхийн 30 гаруй хэвлэлийн газарт хэдийнэ зарсан байна.

Жулиан Ассанжи энэ ном хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай биш, харин ч үүнийг мушгин гуйвуулсан утга агуулгатай гэж үзэж байгаа юм. Өөрийн сайтаар АНУ-ын тусгай албаны тухай нууц мэдээллийг цацсан хэргээр шүүхэд татагдан дэлхий нийтийн анхаарлын төвд орсон Жулиан өдгөө шүүхийн шийдвэрийг хүлээн батлан даалтад байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж