ЦЭГ-ынхан хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

ЦЭГ-ынхан хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Цөмийн энергийн газрын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдалд болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд долдугаар сарын 18-наас есдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажил хийжээ.

Хяналт шалгалтаар тус газрын албан тушаалтнууд хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн нь тогтоогдсон байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт хариуцсан эрх бүхий албан тушаалтан нь ч хууль хэрэгжүүлж ажилладаггүй зөрчил, дутагдал илэрчээ.

Тухайлбал, Цөмийн энергийн газарт 2010 онд албан тушаалд шинээр томилогдсон 16 албан тушаалтан хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй бол тус газрын таван албан тушаалтан хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ. Тиймээс дээрх албан тушаалтнуудад болон тус байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай асуудлыг Авлигатай тэмцэх газраас өчигдөр Цөмийн энергийн газрын удирдлагад тавьсан байна. Одоогоор Цөмийн энергийн газрын дарга Д.Энхбат эзгүй, Бээжин хот руу эмчилгээнд яваад удаагүй байгаа билээ. Харин дэд дарга Ц.Дамдинсүрэн ажлыг орлож буй. Хуулиараа бол албан тушаалтанд хариуцлага тооцсон эсэхээ арав хоногийн дотор багтаан Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж