Говь-Алтай аймагт “Алтай түншлэл-2011” үзэсгэлэн, худалдаа боллоо. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Мерси Кор” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан юм. Уг үзэсгэлэн худалдаанд 15 сумын 90 гаруй аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний болон газар тариалан, хөнгөн үйлдвэр, гар урлал зэрэг төрлүүдээр оролцож 70 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн Дархан -Уул аймгийн савхин бүтээгдэхүүн, Эрдэнэтийн ноос ноолууран бүтээгдэхүүн, Ховдын жимс жимсгэнэ, ногоо гээд өөр аймгуудаас ч үйлдвэрлэл эрхлэгчид ирсэн байлаа. Үзэсгэлэн худалдааны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд цагаан идээ, тэр дундаа тавгийн ааруул орж байлаа. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь шалгаруулж, шилдгүүдийг тодруулан цом, өргөмжлөл олгосон юм. Энэ удаагийн шилдгийн шилдэг гран-при цом өргөмжлөлөөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Газрын өгөөж-Хуримт” хоршооны халтар арвайн гурил шалгарсан бол аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах туг, өргөмжлөлийг улаан хальст сармисаараа мөн Тайшир сумын тариаланч Д.Эрдэнэбаатар, 2011 оны шинэлэг, шилдэг бүтээгдэхүүнээр “Тулга-Алтай” ХХК-ийн “Алтай” жигнэмэг тус тус шалгарлаа.
А.Зул