Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Өрсөлдөөн ширүүслээ

Мөнгөний уурхайгаас халбаганыхаа хэрээр хутгах уу, шанаганыхаа хэмжээгээр хутгах уу? Дэлхийд хоёрдугаарт жагсах зэс, алтны уурхайг ашиглалтад оруулахын тулд “Оюутолгой” компани өдөр бүр долоон сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдаж авч байгаа нь дотоодын төдийгүй гадаадын компаниудын аазгайг хөдөлгөж байна. Өдөр бүр 80 ачааны машин Хятадаас Оюутолгой руу хөвөрч байгаагийн зэрэгцээ Америк, Австрали, Герман, Канадын ханган нийлүүлэгч компани олноороо орж ирж, бараа, үйлчилгээгээ санал болгох болов. Үндэсний үйлдвэрлэгчид нэгийг бодох болсон юм биш үү? Оюутолгойгоос зөвхөн алт, зэсийн биш, мөнгөний, мэдлэгийн уурхайг олж харах цаг иржээ. Тэгж чадвал монголчууд Оюутолгойгоор зогсохгүй Тавантолгой хийгээд дараа дараагийн томоохон төслөөс ахиухан юм “чангаана”. Том яривал дэлхийн хэмжээний тоглогч болно.  

Уурхай гэхээр л аварга машин механизм, нүсэр тоног төхөөрөмжөөс өөр нийлүүлэх юм үгүй  гэж бодож байвал сэтгэхүйгээ цэгцлэх болжээ. Барилга байшин, тавилга, цахилгаан хэрэгсэл, үзэг цааснаас эхлээд уурхайчдын өмсөх хувцас, идэх талх гээд ерөөсөө тэдний хэрэгцээ мундахгүй. Тоног төхөөрөмжийн засвараас авахуулаад ажлын хувцасны угаалга, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг ч Оюутолгойн төсөл мөнгөөр худалдаж авна. Энэ бүх хэрэгцээг хангаад байхад л олон тооны үндэсний компани хөлжих боломж бүрдээд байгаа юм. Гэхдээ энэ нь тийм ч амар ажил биш.
Өнөөдөр “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгч гэх “шошго”-той компанийн тоо 2500 давжээ. Гэвч 60 хүрэхгүй Монгол компани л багахан хэмжээний бараа, үйлчилгээ байнга нийлүүлдэг гэсэн мэдээлэл бий. Товчхондоо, уурхайн барилгын ажилд зарцуулж буй таван тэрбум ам.долларын дийлэнх хэсэг нь гаднын компаниудын ашиг, орлого болж хувирч байна. Яагаад дотоодын аж ахуйн нэгжүүд маань энэ их мөнгөнөөс атга дүүргэж чадахгүй байна вэ? “Үнэн хэрэгтээ манай үндэсний компаниуд хүчин чадал, санхүү, менежмент болон боловсон хүчний хувьд дэндүү дорой байна” хэмээн Оюутолгойн ханган нийлүүлэлтийн консорциумын ерөнхийлөгч С.Балчиндорж учирлажээ. Дэлхийн хэмжээний төсөл мэдээж дэлхийн стандартад нийцсэн бараа, үйлчилгээ шаардана. Түүнийгээ монголчуудын мэддэг “танил тал”-аар биш, олон улсын нээлттэй тендерээр худалдаж авдаг билээ.  

“Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар ханган нийлүүлэгч компаниудын маш том сүлжээ үүсэж байна. Ирэх онуудад Монголд олон тооны гадаад компани үүд хаалгаа нээх болно” гэж ХААН банкны зөвлөх Питер Морроу тэмдэглэж байсан нь биеллээ хэдийн оллоо. Өнгөрсөн жилийн “Discover Mongolia”-гийн үеэр Австрали, Герман, Канадын ханган нийлүүлэгч олон компани үзэсгэлэн гаргаж, бараа, үйлчилгээгээ танилцуулж байв. Монголд асар их боломж байгааг гаднынхан мэдээд ирж байна. Энэ урсгал улам л эрчимжих төлөвтэй. Олон жилийн туршлагатай, дэлхийн хэмжээний компаниудтай бид яаж өрсөлдөх билээ гэх айдас монгол компаниудад төрөх нь лавтай.

“Нэг тендерт ялагдана, хоёр дахид нь дахиад ялагдана, гурав дахь удаагаа ялдаг болно. Тэр үйл явц л одоо явж байна” хэмээн “FSCo” корпорацийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан тэмдэглэсэн юм. Үндэсний компаниудын бараа, үйлчилгээ Оюутолгойд гологдож байгаа нь үнэн. Үүнийгээ монголчууд мэдэрч эхэлсэн нь хамгийн сайн хэрэг ажээ. Юун дээр алдаж байна вэ гэдгээ бодож, яаж түүнийгээ залруулах вэ гэсэн оролдлого эхнээсээ гарч эхэлснийг анзаарахад хялбар аж. Уул уурхайн ханган нийлүүлэлтийн тухай сэдэв байн байн хөндөгдөж, энэ чиглэлийн уулзалт семинар ч тасрахаа байх төлөвтэй.

Нэгдье, нийлье, томоръё гэсэн санал санаачилга ч гарч эхэлсэн нь сайшаалтай. “Монголчууд нэгдээд, санхүү, менежмент, маркетингийн чадвараа дээшлүүлж байж л Оюутолгойтой харьцах шаардлага гарч байгаа. Ингэснээр бид томоохон ажил, өндөр ашигтай захиалга авч чадна. Дэлхийн стандартаар үйл ажиллагаагаа явуулдаг компаниас нэг өдрийн өмнө ч гэсэн суралцаж чадвал монголчууд дараа дараагийн томоохон ордоо өөрсдөө ашиглаад эхэлнэ” гэж С.Балчиндорж учирласан юм.

Үндэстэн дамнасан корпорациуд зөвхөн доллар тээж ирэхгүйг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг онцолж байсан. Тэдний оруулж ирэх техник, дэвшилт технологи тав, арван тэрбум доллараар ч хэмжигдэхээргүй их хөрөнгө оруулалт болох учиртай. Зөвхөн мөнгөний биш, оюуны, технологийн хөрөнгө оруулалтын давлагаа айсуй. Тиймээс үндэсний компаниуд мөнгөнөөс гадна мэдлэг шүүрч авч чадваас дэлхийн тавцанд гарах үүд хаалга нээлттэй байна. Ийм туршлагыг далайн чанадаас ч биш, дотоодын бизнесменүүдээсээ судалж болно шүү дээ.

Тухайлбал, 1996 онд байгуулагдсан “Геосан” Монголд үйл ажиллагаа явуулдаг “Би Эйч Пи Биллитон”, “Вале”, “Камеко”, “Айвонхоу майнз” зэрэг гаднын компанид үйлчилгээ үзүүлсээр байгаад олон улсын стандарт хангаж чаддаг болсон. Эдүгээ тус компани Монголоос халиад, Бирм (Мяанмар), Хятадад ажиллаж буй компаниудаас захиалга авч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, монголчуудад маш их боломж байна. “Рио Тинто”, “Пибади Энержи” гээд дэлхийн уул уурхайн бүхий л том компани Монголд байгааг ашиглаад зүгээр л тэдний шаардлагыг биелүүлээд сурах хэрэгтэй аж. Үүний тулд мэдээж Европын стандартыг хангаж, компанийн засаглал, менежментийн соёл зэргийг нэвтрүүлэх хэрэгтэй болно. Үүнийг монголчууд одооноос бодолцож, үйл ажиллагаагаа идэвхжүүлж, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг иржээ. Ингэж чадвал монгол компаниуд олон улсын зах зээлд хувьцаагаа гаргаж, өөрсдөө стратегийн хөрөнгө оруулагч ч болж чадахыг мэргэжилтнүүд ярьж байна.

Хэвлийдээ асар их хэмжээний баялаг тээсэн Монгол орныг гадаадын хөрөнгө оруулагчид даан ч сайн мэддэг болсон нь боломжийг бүр их нэмэгдүүлж буй. “Петро матад”, “Энержи ресурс” зэрэг уул уурхайн цөөнгүй монгол компани гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгож чадсан шүү дээ. Гэхдээ зарим хөрөнгө оруулагч уул уурхайн компаниудаасаа илүү ханган нийлүүлэгчид нь ашигтай ажилладаг гэж үздэг тухай “CPS International” компанийн захирал Б.Мөнхдөл тайлбарласан юм. Оюутолгой, Тавантолгойн ажил жигдрээд ирэхээр  ханган нийлүүлэгчид нь ачааллаа дийлэхээ байгаад, үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хөрөнгө босгож таарна. Ийм ирээдүй харагдаж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголын ханган нийлүүлэгчдийг ойлгож, үнэлэх төлөвтэйг тэрбээр мөн тэмдэглэсэн.

Гэхдээ ингэж чадах, эсэх нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн идэвх, санаачилгаас л хамаарч байгааг ахин дахин сануулах нь зүйтэй болов уу. Уул уурхайн салбарт орж байгаа нэг доллар бусад салбарт дөрвөн долларын хэрэгцээг бий болгодог гэсэн олон улсын жишиг бий. Тэгвэл Монголын эрдэс баялгийн салбарт орж ирэх мөнгөний хэмжээ гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа нь боломжийг улам ихэсгэж буй. Өрсөлдөөн улам ширүүслээ. Шинэ орчин монголчуудаас богино хугацаанд олон улсын түвшинд хүрэхийг шаардаж байна.

Д.Марал

Зохиогчийн эрх: “Mongolian economy” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж