Уул уурхайн хөгжил шинэ сэтгэлгээ шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Уул уурхайн хөгжил шинэ сэтгэлгээ шаардаж байна

Уул уурхай Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээнэ гэсэн хүлээлт бий болжээ. Алт, зэс, нүүрс тэргүүтэй 80 төрлийн ашигт малтмалыг хэвлийдээ тээсэн, Монгол нутаг минь уул уурхайн аварга машин, механизмуудын сүрд дарагдан хүчин мөхөстөнө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар нэмэгдэж, өмнө зүгт их бүтээн байгуулалт өрнөж байх зуур говьд уушгины өвчтэй нялхас мэндэлж, хүүхэд хөгшид тоос шороогоор амьсгалах ажгуу. Нэг талд нь Оюутолгойн ажил ундарч, Тавантолгойн асуудал шуударч байхад нөгөө талд нь “нинжа” нар газраа сэндийчсээр, шар металлын хэлтэрхийний төлөө бяцхан үрсээ бачуу нүх уруу мөлхүүлсээр. Монголын талаар “Төв Азийн Кувейт”, “Азийн дараагийн бар”, “Чоно эдийн засаг”, “Нүүрсний Саудын Араб” зэрэг сайныг зөгнөсөн нэршил олон дуулдах нь  таатай.

Гэхдээ Монгол орныг “Minegolia”, “Moncoalia” хэмээн уурхай, нүүрстэй нь холбон хочлох нь ч бий. Баялгаасаа болж баяжсан орнууд байхад баларсан орны жишээ ч мундахгүй байдгийг “Mongolian Economy” сэтгүүл сануулах гэсэндээ энэ сэдвийг хөндсөнийг уншигчид маань хүлээж авах биз ээ. Бид Австрали, Чили шиг хөгжилд хүрэх үү, эсвэл Зимбабве, Боливи шиг арчаагаа алдах уу? “Эдүгээгийн өөр ямар ч үндэстэн Монгол шиг салаа зам, түүхэн сонголтын өмнө нүүр тулж байгаагүй биз” хэмээн “Wall Street Journal”-ын сурвалжлагч Маурэн Орд онож бичсэн байдаг. Олон арван жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчид Монголын баялаг говьд нүдээ унагаж ирсэн ч зайгаа барьдаг байлаа. Оюутолгой, Тавантолгойгоос татгалзаад, хамраа сөхөөд буцсан “BHP Billiton” одоо амаа барьж байгаа биз. Өмнө нь Монголчууд гаднынхныг царай алддаг байсан бол одоо гадаадын том компаниуд Монголд ирж, ажил хайж байна шүү дээ.

“2000 онд бид Тавантолгойг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ? гээд толгойгоо гашилгадаг байлаа. Энэ ордод хөрөнгө оруулж өгөөч гэж олон оронд хандаж, гуйж байсан боловч хэн ч тоохгүй байсан” хэмээн “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирлын орон тооны зөвлөх Р.Сундуй хуучилж байв. Үнэхээр “BHP Billiton”-д “гологдоод” хоцорсон Тавантолгойд үйл ажиллагаа явуулахын тулд таван тивийн томоохон компаниуд хүч сорино гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз. 10 жилийн өмнө байдал ямар байв? Монголын уул уурхай гэхээр “Эрдэнэт”, “Монросцветмет”, олон тооны жижиг алтны уурхайнаас өөр юу ч байгаагүй шүү дээ. Харин өнөөдөр “Vale”, “Rio Tinto”, “Peabody Energy”, “Cameco” зэрэг олон улсын “акул” Монголд ажиллаж байгаагийн зэрэгцээ уул уурхайн үсрэнгүй хөгжлийн босгон дээр үндэсний зарим компани өргөжин тэлж байгааг тэмдэглэх нь зүйтэй байх.

“Энержи ресурс” л гэхэд дэлхийд толгой цохих “Leighton Asia” компанийг хөлсөлж ажиллуулаад, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж, усгүй говьд нүүрс баяжуулах үйлдвэрээ босгоод авлаа. Монгол компани гадаадын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно гэж 10 жилийн өмнө хэн нэгний толгойд орж байсан болов уу? Бас нэг сонирхолтой зүйл гэвэл 158 жилийн түүхтэй, зөвлөгөө болон хяналтын салбартаа дэлхийд эхний дөрөвт жагсдаг “Pricewaterhouse Coopers” болон олон улсын “Behre Dolbear” групп Улаанбаатарт салбараа нээж амжсан. Дотоодын хэрэгцээгээ чадан ядан хангаж ирсэн нүүрсний салбар маань экспортын зах зээлд хөл тавьж, гуравхан жилийн дотор Хятадад нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийг гүйцээд ирлээ. Нөөцөө ч илрүүлж амжаагүй хирнээ нүүрсний олборлолт, экспортоор дэлхийд тэргүүлдэг Австралитай өрсөлдөж чадна хэмээн зоригтой дуугарах болсныг “Хүннү коал” компанийн захирал Т.Лхагвадоржтой хийсэн ярилцлагаас уншиж болно. Энэ мэтээр тоочоод байвал барагдахааргүй олон шинэчлэл манай уул уурхайн салбарт болж байна. 10 жилийн өмнө энэ бүхэн мөрөөдөл төдий байсныг сануулах юун. ДНБ-ий 30, экспортын орлогын 80 гаруй хувийг бий болгож буй уул уурхайн салбарыг Монголын эдийн засгийн зүтгүүр гэдэг. Эрдэс баялгийнхаа ачаар манай ДНБ ирэх арван жилд жилдээ 20 хувиар өсөхийг албаны хүмүүс ярьж байна. Ашигт малтмалынхаа гавьяагаар энэ оны эхний хагас жилд л гэхэд хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад шингэжээ. Зөвхөн Оюутолгойг ашиглалтад оруулахын тулд өдөртөө л долоон сая ам.доллар зарцуулж буйгаа “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Камерон МакРэй онцолсон. Энэ бол Монголчуудын хэзээ ч өмнө нь хараагүй бүтээн байгуулалт юм.

Үүний хажуугаар “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ экспортлоод эхэлсэн байхад Ухаа худаг, Овоот толгой, Цагаан суварга зэрэг нүүрсний томоохон уурхайн ажил эрчимжиж байна. Монгол орон газрын тос олборлогч болсноо дэлхийд тунхагласны зэрэгцээ уран, газрын ховор элемент мэтийн баялгаа ч эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хөндөгдөх боллоо. Олон улсын жишгийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо нэмэгдэж байхад ухсан нүх, овоолсон шороогоо тэр чигээр нь хаяад явдаг “хүнд гарууд” ч оршин тогтносоор. Алтны төлөө амь насаараа дэнчин тавин шороо малтдаг “нинжа” нараа ч зохицуулж чадахгүй хэвээрээ. Энэ байдлыг үргэлжлүүлж болохгүй гэсэн дохиог уул уурхайн хөгжил бидэнд өгч эхэллээ.

Хариуцлагатай уул уурхайн тухай ойлголт хожуу ч гэсэн хүч түрэн орж ирж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын хууль журмыг сайтар сахиж, татвараа төлж, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хүндэлж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэвшилт технологи ашиглаж, нөхөн сэргээлтээ хийж, үйл ажиллагаагаа ил тод явуулж буй компанийг хариуцлагатай хэмээн нэрлэдэг. Ийм компани нэг үеэ бодвол олширч байгаа бол төр, засаг ч энэхүү ойлголтод анхаарлаа хандуулж эхэлснээ Монголын эдийн засгийн чуулганы үеэр баталсан билээ. Түүнчлэн ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Discover Mongolia” чуулга уулзалтын үеэр хариуцлагатай уул уурхайн сэдвээр тусгай хэлэлцүүлэг өрнөх гэж байна. Гэхдээ л монголчуудын хувьд хэтэрхий шинэлэг энэ ойлголтыг уншигчдадаа хүргэх нь “Mongolian Economy” сэтгүүлийн энэ дугаарын гол зорилго болж буй. 

Уул уурхай улам томорч, хурдтай хөгжиж буйгаас эрдэс баялгийн орлогоо хэрхэн зөв зүйтэй хуваарилах вэ гэсэн томоос том асуултын тэмдэг бий боллоо. Алт, зэс, нүүрсээ ухаж зараад, бэлэн мөнгө тараагаад бид хөгжилд хүрэх билүү? Үгүй ээ, хүнээ хөгжүүлж байж л жинхэнэ утгаараа хөгжиж чадах учир “Mongolian Economy” сэтгүүлийн бас нэг чухал сэдэв энэ болсныг тэмдэглэе.

Түүнчлэн ашигт малтмалын олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэх тусам дэд бүтцийн гачаал мэдрэгдэж байгааг хөндөхгүй өнгөрч болсонгүй. Энэ мэтчилэн өдрөөр биш цагаар өөрчлөгдөж буй уул уурхайн салбар маань биднээс шинэ бодлого, шинэ сэтгэлгээ шаардах болсон учраас “Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон ч уул уурхайн сэдвийг цогцоор нь хөндөхдөө шинэлэг хэлбэрээр хүргэхийг зорилоо.

Зохиогчийн эрх: “Mongolian economy” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж