Д.Энхмандахыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Д.Энхмандахыг өнөөдөр шүүнэ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 2007 оноос хойш сунжирч байгаа Д.Энхмандахад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно. Түүнийг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Харин тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард хэвлэлд хандаж, "Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд Хөвсгөл аймгаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар баривчлагдаж ирсэн аж. Улмаар  цагдан хоригдож  байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарчээ.

Шүүх хуралд улсын яллагчаар н.Чимгээ, даргалагч шүүгчээр Б.Цогт, хохирогчоор "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, Хаан банк оролцох бол  шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцоно. Шүүх хурал өнгөрөгч сарын 25-нд болох байсан ч хохирогч болох "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй учир өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Түүнийг энэ удаагийн шүүх хуралд албадан оролцуулахаар болсон билээ. Мөн шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгч О.Баасанхүү "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалтыг шүүх  хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүгчид тавиад байгаа. Учир нь хуульч Х.Бат-Ялалт нь Д.Энхмандахыг бусдын өмнөөс хэрэгт ороод байгааг нотлох гэрч болж чадах аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж