Сэлбийн түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Сэлбийн түймрийг цурманд оруулжээ

Бэлхийн амны Гүнжийн ам гэдэг газарт ойн түймэр гарч байна гэсэн дуудлага  өчигдөр 15.00 цагийн орчимд  Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирж,  Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраахаар очиход ойн түймэр Бэлхийн аманд бус Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ амралтаас баруун хойд талд Давхар гэдэг газар гарсан байжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, Гал түймэртэй тэмцэх урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатараар ахлуулсан нийт 49 албан хаагч, дөрвөн автомашин техник хэрэгсэлтэйгээр 1.5 га орчим талбайд гарсан түймрийг шөнийн 00:47 цагт цурманд оруулсан байна. Одоогийн байдлаар гал түймрийн хамарсан талбай, шалтгааны талаар тодорхой мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд гал сөнөөгчид ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 12, ойн түймрийн нэг дуудлагатай хонож, дуудлагын дагуу НОБГ-ын Аврах, гал унтраах 10, 26, 30, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид ажиллажээ. Есдүгээр сар гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд ийнхүү дөрөв дэх удаагийн ойн түймэр гарлаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж