Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн талаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжин УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 4 дүгээр цахилгаан станцад хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II”төсөлд 8,5 сая евро, ”Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд 4,5 сая евро авна. Эрчим хүчний төслийн дагуу Европ болон ХБНГУ-д өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулах түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Харин хүнсний хангамжийг сайжруулах төслийн хүрээнд СХД-ийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртэл 29,4 км хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Манай улсын авах зээл нь жилийн 0,75 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс үндсэн өрөөс 10 жил чөлөөлөгдөх юм.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн хамтын ажиллагаа 1992 оноос эхэлсэн бөгөөд тус улсаас манайд 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна. Мөн хуралдаанаар Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Төслийн хүрээнд дулааны цахилгаан станцад нүүрсний утааг механик болон химийн аргаар шүүдэг Австрийн туршлага, техник, технологи нэвтрүүлэх, Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх технологи нэвтрүүлэх, усалгаатай газар тариалангийн загвар аж ахуй байгуулахаар төлөвлөжээ. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 40 сая хүртэлх еврогийн нөхцөлт хөнгөлөлттэй зээл авах юм.
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн ургац тээврийн замыг засварлахад шаардлагатай 292 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Замын эвдрэлийг төлөвлөсөн хугацаанд, технологийн дагуу чанартай гүйцэтгүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон байна. Энэ дагуу ургац тээвэрлэлтийн гол зам болох Дархан-Сүхбаатар чиглэлийн 305 км-ийн салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 км, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 км, Орхон аймаг-Булган аймгийн Сэлэнгэ сум /Ингэт толгой/ хүртэлх 45 км, Хулстайн гурван даваа, Хялганат тосгон дундах 17 км, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 км, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 км, Жавхлант сум хүртэлх 8 км, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 км, нийт 468 км замд засвар хийх юм. Өнгөрсөн онд хөрөнгийн эх үүсвэр байгаагүйгээс ургац тээвэрлэлтийн замын засварыг хийж чадаагүй бөгөөд энэ онд бороо ихтэй байснаас замууд ихээр эвдэрсэн байна. Мөн газар тариалалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор замын чиглэл, урт нь нэмэгдэж, замын засварт зарах хөрөнгө ч жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто замын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллан засвар хийх шаардлагатай замын байдалтай танилцаж саналаа ирүүлсэн байна.
НЭН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛНА
“Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэн ховор, ховор амьтдын тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, уугуул нутагт нь хамгаалж, сэргээн нутагшуулах зарчим баримтлана. Мөн мазаалай, хавтгай, монгол бөхөн зэрэг устаж болзошгүй нэн ховор амьтдын удмын санг хамгаалах, ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх гээд төрийн гүйцэтгэх зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод, иргэний нөхөрлөлд тодорхой нөхцөл, болзлын дагуу гэрээний үндсэн дээр хариуцуулах, ан амьтдыг ашиглагч нь хамгаалдаг, төлбөр төлдөг байхыг зорьж байна. Хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах сан, олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Манай улс олон улсын 14 конвенцид нэгдэн орсон бөгөөд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцид 55 зүйл, “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай” конвенцид 81 зүйл, дэлхийн ховордсон амьтны жагсаалтад 19 зүйл амьтан бүртгэгдсэн байна.
Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Итали Улс манай орны үндсэн түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, алт, бусад эрдэс баялгийг боловсруулах технологиороо дэлхийд тэргүүлдэг. Энэ нь дээрх салбаруудад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөгжүүлэх ихээхэн боломжтой гэсэн үг юм. Мөн Элчин сайдаа яамаа нээн ажиллуулах нь Европын Холбоо, тэр дундаа “Их найм”-ын гишүүн, манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд зээл олгож, тусламж үзүүлдэг Итали Улстай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн хөгжүүлэх, Ромд төвтэй олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд улсынхаа бодит оролцоог нэмэгдүүлэх, тус улсад оршин сууж байгаа иргэдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах зэрэгт чухал хувь нэмэртэй гэж үзэж байна.