Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байна

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах зорилготой “Төр ба Иргэн” өдөрлөг Өвөрхангай аймагт 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Өдөрлөг Төгрөг суманд үргэлжлэх үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй уулзалт хийжээ. Сумынхаа иргэдэд эсгий, буриад, монгол гутал хийж өгч, хэрэгцээг нь хангахын зэрэгцээ аймгийн төв, зэргэлдээх сумдад захиалгаар нийлүүлдэг Б.Мөнхчулуун өрх толгойлсон хоёр эмэгтэйг ажлын байртай болгожээ. Мөн захиалга их үед ноос сэмлүүлэх, гутлын ул наах, хээ тавих зэрэг ажлыг цагаар хийлгэдэг аж. Өнөө жил Арвайхээр сумаас 300 эсгий гутлын захиалга ирсэн агаад 200-г нь хийж явуулсан байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажлын байр бий болгох зорилгоор Сум хөгжүүлэх сангийн зээл авах төсөл бичсэн нь дэмжигджээ. Хээгүй монгол гутал 180 мянга, хээтэй нь 350 мянга, загварын гутал 250 мянган төгрөгийн үнэтэй. Гутлаа эсгэхээс эхлээд бүгдийг гараар хийдэг тул чанартай, бат бөх нэг үгээр “дөрөө даах” гутал болдог аж. Тиймдээ ч үнэ нь өндөр, захиалга их байдаг байна.

Харин тус сумын иргэн Х.Рэнцэндоржийн хувьд юм юм хийх гэж оролддог нэгэн. Өнгөлгөөний тоосго, замын хавтан, блокны үйлдвэрлэл, гутлын цех, гутал, автомашин, дугуй засвар, төмөр эдлэл, шахмал түлш гэхчилэн хийхгүй юм бараг л үгүй. Нүүрс, хөрзөн, модны үртсээр хийсэн шахмал түлш нэг ширхэг нь 50 төгрөг бөгөөд сумандаа эрэлттэй. Шахмал түлш болон блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Х.Рэнцэндорж өөрөө хийжээ. Өнгөлгөөний тоосго ширхэг нь 110 төгрөгийн өртөгтэй гардаг агаад 250-иар худалддаг гэнэ. Төгрөг сум 140 орчим автомашинтай, авто засвар нь үйлчлүүлэгч тасардаггүй юм байна. Ноос сэмлэдэг дөрвөн ч машин хийж зэргэлдээх сумдад худалджээ. Түүний хувьд нэг л бэрхшээл байгаа нь зээл авах төсөл нь банкинд ирээд гацдаг явдал. Энэ жил 15 сая төгрөгийн зээл хүссэн ч банк таван саяыг ав эсвэл боль гэдэг шаардлага тавьсан байна.

Сумынхаа Цаг уурын станц, өвс тэжээлийн агуулах, уст цэгүүд болон айлуудын байшингийн блокийг үйлдвэрлэж нийлүүлдэг Ц.Дониддэмбэрэл давхар эсгий эдлэлийн үйлдвэртэй. Блокны үйлдвэрлэлээ таван жилийн өмнөөс эхэлж, одоогоор хоёр хүнийг ажлын байртай болгон өдрийн 10 мянган төгрөгөөр цалинжуулдаг байна. Энэ жил 6-7 мянган блок үйлдвэрлэж сумандаа нийлүүлжээ. Нэг блок 1000 төгрөгийн үнэтэй, тээврийн зардал шаардахгүй учраас сумын иргэд дуртай үйлчлүүлдэг аж.

“Хүлэг” бүлгийн хувьд өрх толгойлсон эмэгтэйчүүд голдуу 37 гишүүнтэй. Ахлагч нь Ч.Сүхдолгор. Өнгөрсөн онд талх, нарийн боовны цех байгуулсны зэрэгцээ хүмүүл, гоёогоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Сум хөгжүүлэх сангаас зээл авахаар төсөл бичиж, сүүний чиглэлийн үнээний ферм бий болгохоор төлөвлөж байгаа аж. Д.Дашхүү гуайн хувьд ч мөн адил зээл авч модон эдлэлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төсөл бичжээ. Сумынхаа залуучуудыг гэрээгээр ажиллуулж орлогоор нь цалинжуулдаг юм байна.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Төр ба Иргэн” өдөрлөгийн үеэр баг, сум бүрт иргэдтэй уулзахдаа дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэйг чухалчиллаа. Иргэд ч хөдөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдсэн, гагцхүү банкны зээлийн шалгуур, хүү, хугацааг уян хатан болгох шаардлагатай байна гэдгийг энэ үеэр онцлон хүссэн юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж