БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нээлттэй засаглалын санаачилгын олон улсын хуралд оролцож байна. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилгаар эхэлсэн нээлттэй засаглалын санаачилгад дэлхийн 46 улс нэгдэж, өнөөдөр албан ёсоор нээж байгаа ажээ. Санаачилгад нэгдсэн анхны 46 улс засаглалын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, иргэний нийгмийн оролцоог дэмжих, шийдвэр гаргалтад иргэдийн саналыг авах, төсвийн ил тод байдлыг хангах, авлигын эсрэг тэмцэх, төрийн албаны журмыг ил тод, тодорхой болгох, мэдээллийн технологийг ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Санаачилгад нэгдсэн орнуудын дунд явж буй хэлэлцүүлгийн үeэр байгалийн баялгийг ашиглах явцад засаглалын бодлого, үйл ажиллагааг нээлттэй байлгах нь баялгийг шударгаар хуваарилахад эерэг нөлөөтэй байдаг тухай ярилцсан байна. Мөн нээлттэй засаглалын үйл явцад мэдээллийн технологийн нөлөөлөл эрс өсч буй талаар ярилцжээ.