Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг нураана

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг нураана

Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасныг үндэслэн Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг буулгаж, хуучин суурин дээр нь шинэ барилга барихаар болжээ. Энэ дагуу есдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн Цагдаагийн газрын хуучин барилгыг буулгаж эхэлсэн тул тус газрынхан Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байранд түр хугацаагаар байрлах боллоо. Тиймээс иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд /хуучнаар/ Хүнсний 50 дугаар дэлгүүрийн баруун хойно байрлах Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байранд очиж, нийслэлийн Цагдаагийн газарт хандаж болно.

Одоо буулгаж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын байрыг анх 1956 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд 2000 оны Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүгнэлт, 2008 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн  дүгнэлт, 2009 оны Барилгын материалын чанарын үнэлгээний дүгнэлтээр тус тус “Ашиглалтын шаардлага хангахгүй” хэмээн дүгнэгдэж байжээ. 1956 онд улаан шавар тоосгоор барьж байсан уг барилгын ашиглалтын хугацаа дуусаад багагүй удсан ч 2011 онд ийнхүү эцэслэн шийдэгдэж, тус газрын эзэмшил 0.33 га эзэмшил газар дээр орчин үеийн шаардлагын төвшинд тэнцэхүйц зургаан давхар барилга шинээр барьж, 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.  

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж