-Монголд металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх асуудлыг сүүлийн үед нэлээн хүчтэй ярьж эхэллээ. Өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд та ихээхэн ач холбогдол өгдөг?
-Өгөхөөс аргагүй. Монгол Улс металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ямар металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх вэ, хаана байршуулах вэ гэдэг нь хамгийн гол гогцоо асуудал юм. Монголчууд хамгийн түрүүнд зэс хайлуулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Зэс хайлуулах үйлдвэртэй химийн аж үйлдвэрийн тухай асуудлыг зэрэг хөндөх учиртай. Яагаад гэвэл, зэс хайлуулж эхлэхээр зайлшгүй хүхрийн хүчил гарна. 100 мянган тонн металл зэсийг гаргаж авахад 250-300 мянган тонн хүхрийн хүчил гаргана. Ийм хэмжээний хүхрийн хүчлийг хэрэглэх хэрэглээ Монголд өнөөдөртөө алга. Хүхрийн хүчил гараад ирэхэд одоо яах вэ гэдэг асуудал хар аяндаа тавигдана. Энэ тохиолдолд хүссэн хүсээгүй химийн бордоо болгохоос өөр аргагүй байдал үүснэ. Тэр нь фосфорын бордоо байна. Нэг үгээр хэлэхэд, 250-300 мянган тонн хүхрийн хүчлээс сайн чанарын фосфорын бордоо 100 мянган тонныг гаргана. 100 тонн фосфорын бордоо маань давхар суперфосфорын бордоо гаргаж авах түүхий эд болно. Зэс хайлуулах үйлдвэр Монголд хөгжихдөө бусад аж үйлдвэрийн түүхий эдийг хамт бэлдэх юм. Энэ талаас авч үзвэл, зэс Монголын аж үйлдвэрийг хөгжүүлэх түүхий эд мөн үү гэвэл мөн. Нэг металлургийн үйлдвэр барьсан тохиолдолд цаашаа боловсруулах, гүн боловсруулах үйлдвэр өөрөө аяандаа их, бага хүчин чадалтайгаар байгуулагдаж хөгжинө. Ер нь манай улсын хөгжлийн үндэс металлургийн үйлдвэр дээр гарах юм.
-Манай улсад хар металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх ямар боломж байна вэ?
-Монголд хар металлургийн үйлдвэр Дархан-Уул аймагт бий. Энэ бол төмрийг дахин хайлуулж, бүтээгдэхүүн хийх технологиор байгуулагдсан үйлдвэр. Мөн жилд 40 мянган тонн төмөр, ширэм хайлуулах чадалтай үйлдвэр ажиллаж байна. Энэ бүхэн Монголын хар металлургийн үйлдвэрлэлийн эхлэл. Цаашлаад дэлхийд өрсөлдөх чадвартай хар металлургийн үйлдвэрийг сайн чанарын төмрийн хүдэртэй ордыг түшиглэж байгуулах хэрэгтэй. Тийм сайн чанарын төмрийн хүдэр Ерөө голын сав газар бий. Тэндэх төмрийн ордыг түшиглэж металлургийн үйлдвэр барих хэрэгтэй. Одоо манайх төмрийн хүдрээ Хятад руу ачаад байна. Уг нь бид хар металлаа хүдэр чигээр нь ачуулмааргүй байгаа юм. Төмөртолгой, Төмөртэй, Баянгол чинь нэг бүс нутагт байдаг орд. Тэгэхээр эдгээр ордоо түшиглээд хар металлургийн үйлдвэрийг барих нь зөв. Хамгийн гол асуудал бол үйлдвэрээ хаана байрлуулах вэ гэдэг. Байршил нэн чухал ач холбогдолтой. Үйлдвэр байгуулахад дулаан, ус, цахилгаан нэг дор байх ёстой юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр газрын гүний усаар хэрэглээгээ хангаж байна. Энэ бол болохгүй ч юм биш л дээ. Би хар металлургийн үйлдвэрээ Дулаанханд байгуулах нь зүйтэй гэж боддог. Яагаад гэвэл, тэнд Монголын ус ихтэй Хараа, Ерөө голын бэлчир бий. Энэ хоёр голын бэлчир дээр усан сан барьж, тэрийгээ түшиглэсэн хар металлургийн үйлдвэрийн иж бүрдэл барих нь зөв. Ер нь улс орон хөгжихдөө аж үйлдвэрийн салбараа нутаг дэвсгэр дээрээ жигд байршуулах хэрэгтэй. Ирээдүйн үсрэнгүй хөгжлийн тухай ярьж байгаа энэ үед жилд 2-3 сая тонн төмөр гаргах үйлдвэрийн төсөл боловсруулах нь зүйтэй юм. Жижиг үйлдвэрээр том асуудлыг шийдэж чадахгүй. “Бэрэн” групп хятадуудтай хамтраад төмрийн үйлдвэр барьж байна. Үүнийг төрөөс дэмжээд өгөөсэй.
-Уул уурхайн өсөлтийг харахад хамгийн эхэнд говь, төвийн бүсийн хөгжил хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна?
-Манай улс баруун монголоо юугаар хөгжүүлэх вэ гэдэг бас л сонирхол татах асуудал. Би Увс аймгийн төмрийн хүдрийг түшиглэсэн усан цахилгаан станцтай нь ойр байрласан том үйлдвэр барих бэлтгэл ажлаа эхлээсэй гэж боддог. Металл боловсруулах орц найрлагад орох марганц, хром зэрэг химийн нэгдлийн ордыг олох чиглэл рүү геологийн ажлыг эрчимжүүлээсэй. Баруун монголын эдийн засгийг том үйлдвэр чирнэ. Тэрнээс биш алт, гянтболдын жижиг уурхайн чадахгүй. Монголын хар металлургийн ирээдүй ийм цэгүүдэд хөгжих болов уу гэж дотроо төсөөлж байна. Сайншандад хар металлургийн үйлдвэр барина гээд байгаа юм. Сайншандад металлургийн үйлдвэр барихад ойр хавиас нь олборлох төмрийн хүдэр бага. Дорноговийн Хар айраг төмрийн хүдрийн сав нутаг мөн. Гэхдээ найдвартай сайн орд байхгүй. Сайншандад Ерөөгөөс төмрийн хүдэр тээвэрлэн аваачиж боловсруулах шаардлага тулгарах болов уу.