Форланы гоол “Атлетико”-д ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Форланы гоол “Атлетико”-д ялалт авчирлаа

Мадрид руу “марафон” аялал хийсэн “Ливерпуль” өнгөрсөн шөнө “Атлетико Мадрид”-ын талбайд зочилж, Европын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтдоо 1:0-ээр ялагдал хүлээлээ. Тоглолтын эхэн үед Диего Форланы оруулсан гоол талбайн эздэд ялалт авчирсан байна.
Дасгалжуулагчийнхаа хамт автобус, галт тэрэг, онгоц дамжиж, 1900 гаруй км замыг туулж, Мадрид хотын “Кальдерон” цэнгэлдэхэд зочилсон “Улаанууд” тоглолтын ес дэх минутад хаалгандаа гоол алджээ. Найман минутын дараа “Ливерпуль” тооны харьцааг тэнцүүлэх боломжтой байсан ч Йосси Бенаюны гоолыг хажуугийн шүүгч эндүү харж, отон тоглолт хэмээн үзсэн учир тооны харьцаа хэвээр үлдсэн юм. “Улаанууд” ирэх долоо хоногт Энфилд цэнгэлдэхдээ испаничуудыг хүлээн авч тоглох бөгөөд хол зам туулж, багагүй ядарсан ч боломжийн үр дүн гаргасан учир тоглолтын нийлбэрээр ялалт байгуулж, финалд шалгарна гэдэгт Рафа Бенитез итгэлтэй байна.
Мөн энэ үеэр Германы Хамбург хотноо Английн “Фулхэм” болон “Хамбург” нарын тоглолт өрнөж, гоолгүй тэнцээгээр өндөрлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж