“Монголбанк ОУВС-гийн зөвлөмжийг судалж байгаа”

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Монголбанк ОУВС-гийн зөвлөмжийг судалж байгаа”

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийн дагуу Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн захирал Б.Лхагважаваас дараах асуултад хариулт авлаа.

-Бизнес эрхлэгчид бодлогын хүү нэмэгдүүлснээр арилжааны банкууд зээлээ хумиж, энэ нь бизнес эрхлэх боломжийг хаан, улс орны хөгжилд чөдөр тушаа боллоо гэж үзэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Ардчилсан улс оронд үзэл бодлоо чөлөөтэй эрхлэх нь байдаг л  асуудал. Бизнес эрхлэгчид энэ саналыг эсэргүүцэж байгаа бол тоо баримттайгаар, гарын үсгээ цуглуулаад асуудлыг тавиад орж ирнэ болно шүү дээ. Бидний авсан мэдээллээр сүүлийн үед зээлийн хэмжээ жилийн 50 хувийн өсөлттэй байгаа. Үүнийг зээл хумигдсан гэж үзэх үү. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан мэдэгдлийг нийт бизнес эрхлэгчдийнх гэж үзэхэд учир дутагдалтай.

-Бодлогын хүүг хамгийн сүүлд 0,25-аар нэмэгдүүлсний үр дүн гарч байна уу. Бодлогын хүүг нэмэгдүүлсний сөрөг тал юу вэ?

-Энэ мэдээж сайн арга биш. Гэхдээ хоёр муу сонголтын арай гайгүй мууг нь сонгож хэрэглэж байна. Бодлогын хүүг 11,75 хувь болгоод сар орчмын хугацаа өнгөрсөн. Одоогоор үр дүнг хэлэхэд эрт байна. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн нөлөө 4-6 улирлын дараа мэдрэгддэг. Тэгэхээр бид ирэх оны эхний хагас жил гэхэд санхүүгийн зах зээлд таатай боломж бүрдүүлэх үүднээс өнөөдөр ийм арга хэмжээ авч байгаа юм. Бодлогын хүүг чангалахад олон хүн шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. Олон хүн янз бүрээр тайлбарлах нь бий. Юутай ч 2008, 2009 оны инфляцийн дарамт ирэх жил нүүрлэж магадгүй гэсэн дүр зураг одооноос ажиглагдаж байгаа тул дээрх алдааг ахин давтахгүй байх үүднээс Төв банк бодлогын хүүгээ чангалсан.

-Бизнес эрхлэгчид шууд ярилцлагад орохыг хүссэн байсан. Энэ саналыг та нар яаж хүлээж авч байна вэ?

-Бид эрүүл мэтгэлцээнд ороход хэзээд бэлэн. Энэ тухайгаа МҮХАҮТ-д мэдэгдсэн байгаа. Одоогийн байдлаар хэрхэн яаж хэлэлцэх тухай мэдэгдсэн юм алга.

-Энэ сард Монголбанкны захирлуудын зөвлөлийн ээлжит хурал болж, мөнгөний бодлогын талаар ярилцах тов тогтоосон байгаа. Гэхдээ ээлжит бус хурал өнгөрсөн наймдугаар сард болсон. Энэ асуудлаар захирлууд дахин хуралдах уу?

-Есдүгээр сарын 28-нд Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдах тов тогтоосны дагуу хуралдана. Үүгээр өмнөх сард бодлогын хүүнд оруулсан өөрчлөлт санхүүгийн зах зээлд сигнал өгч чадаж байна уу, дахин ямар нэгэн өөрчлөлт оруулах эсэх асуудлыг авч хэлэлцэнэ.

-Олон улсын валютын сан мөнгөний бодлогыг улам чангалах тухай зөвлөмж гаргасныг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Монголбанк олон улсын валютын сан болон бусад олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Тэдний өгсөн санал зөвлөмжийг нарийн судалж үздэг байгаа. Түүнийг 100 хувь дагаж мөрдөх үү гэдэг асуудлыг захирлуудын зөвлөл шийддэг. Олон улсын валютын сан харин ч биднийг шүүмжилсэн байгаа. Мөнгөний бодлого хэтэрхий зөөлөн байна, удаан ажиллаж, арга хэмжээг хожуу авч байна гэх мэт шүүмжлэлийг өгсөн байгаа. Дэлхийн эдийн засаг эвгүй болвол Монголын эдийн засаг ч мөн хүнд байдалд орох эрсдэл байна гэдгийг тэд сануулсан. Бид зарим асуудал дээр ОУВС-тай санал нэг байгаа.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж