С.Баярцогт: Монгол Улс эрдсийн үнийн уналтаас хамгаалагдсан

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

С.Баярцогт: Монгол Улс эрдсийн үнийн уналтаас хамгаалагдсан

Засгийн газрын зүгээс 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээр болж, УИХ намрын чуулган эхлэнгүүт эл төслийг хэлэлцэх болж байгаа. Тэгвэл Олон Улсын Валютын Сангаас “Монгол Улс 2011 оны нэгдсэн төсөвтөө тодотгол хийх нь эрсдэл дагуулна” гэх сэрэмжүүлгийг өгч эхэллээ. Иймд бид Сангийн сайд С.Баярцогтоос дараах асуултад хариулт авсан юм.

-Олон Улсын Валютын сангаас 2011 оны төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэсэн зөвлөмжийг өгч байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол эдийн засгийн бодлогын л асуудал. Хэрэв бид төсөвт тодотгол хийхгүй бол төсөв ашигтай гарна. Тодорхой хэмжээний эх үүсвэр бүрдэж 2012 он руу орно гэсэн үг. Гэхдээ бидний хувьд төсөвтөө тодорхой хэмжээний тодотгол хийгээд, хөрөнгө оруулалт урсгалтай холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байна. Ямар шалтгаанаар төсөвт тодотгол хийсэн бэ гэхээр хууль эрх зүйн хувьд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь 2011 оны төсөв батлагдсанаас хойш  УИХ-аас жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг баталсан.  Үүнийг заавал ч үгүй төсөвт суулгах шаардлагатай. Хоёр дахь үндсэн шалтгаан нь бидний хувьд сонголт байгаа.  Нэгдэх нь, бодит эдийн засгаа дэмжих үү, эсвэл энэ байгаа юмаа нөөцлөөд 2012 он руу авч орох уу. Нөхцөл байдлаа авч үзээд одоо хийж байгаа эримтэй ажлаа үнэлээд бодит эдийн  засгаа дэмжих хэрэгтэй юм байна гэж үзэж, энэ оны хөрөнгө оруулалтыг 197 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Дээрээс нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ, Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн хүрээнд 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг мөн нэмж тусгасан.  Ингэснээр нийтдээ 250 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Нөгөө талдаа 300 тэрбум төгрөгийн бонд зарлага талдаа сууна. Урсгал зардлаа 151 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээр төсвийн алдагдал бидний барьж байсан 9.6 хувьд хүрч байгаа. Олон Улсын Валютын Сангаас ямар сануулга өгөөд байгаа вэ гэхээр 2013 оноос эхлээд бид Төсвийн тогтвортой байдлын  бүх заалтыг мөрдөх ёстой. Алдагдлын хэмжээ тэр үед хоёр хувь байх ёстой юм. Тэгэхээр 9.6 хувь гэсэн өндөр алдагдалтай байж байгаад нэг жилийн дотор шууд хоёр хувь руу бууруулахад хүндрэлтэй юм биш үү. Үе шаттай бууруулвал яасан юм бэ, танайх эргээд хямралын үеийнх шигээ олсноо зардаг бодлого руугаа эргэж орчих гээд байгаа юм биш биз дээ гэсэн зөвлөмж, бас санал өгсөн.

-Гэхдээ дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унангуут Монгол Улс хямралд орж болзошгүй байна гэж бас сэрэмжлүүлээд байгаа шүү дээ?

-Манайд Тогтворжуулалтын сан бий болсон. Тогтворжуулалтын санд 200 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүсч байгаа энэ оны төвшинд. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаснаас  болж үүсэх хямралаас Монгол Улсын төсөв Монгол Улс хамгаалагдсан гэж хэлж болно.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж