“Айвенхоу Майнз”: Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз”: Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй

Ийм мэдэгдлийг Оюутолгой төслийг
хэрэгжүүлэгч Канадын “Айвенхоу Майнз” компанийн зүгээс хийсэн тухай
www.foxbusiness.com сайтад мэдээлжээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэе. 

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Канадын “Айвенхоу Майнз” компани өчигдөр буюу есдүгээр сарын 20-нд Лондонд болсон Хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр “Өмнөговь аймаг дахь зэсийн асар том ордод хөрөнгө оруулах 2009 оны гэрээнд өөрчлөлт оруулах талаар Монголын Засгийн газартай ямар ч хэлэлцээ болоогүй” хэмээн мэдэгдлээ.

Монголын улстөрчид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай ярьсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа аж. Үүний хариулт болгож, “Айвенхоу Майнз” дээрх мэдэгдлийг гаргасан байна. Сангийн сайд С.Баярцогт www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, үргэлжлэх хугацаанд өөрчлөлт оруулах асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлснийг мөн энд онцолж байна.

Зэсийн нөөцөөр дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгой ордод хөрөнгө оруулах 2009 оны гэрээнд төслийг хэрэгжүүлэгч ”Айвенхоу Майнз” компани эзэмшлийн хувьцааны 66 хувийг, Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшихээр заасан юм.  “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны 48.5 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Оюутолгой төслийн гүйцэтгэгч буюу төслийн шууд бус хувьцаа эзэмшигч ажээ. Мягмар гаригт /IX.20/ Лондонд болсон “Рио Тинто” группийн хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр тус группийн зэсийн салбарын гүйцэтгэх захирал Эндрю Хардинг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай яриа Монголын улстөрчдийн дунд гарах болсон нь ирэх жил болох парламентын сонгууль ойртсонтой холбоотой” гэжээ. Тэрбээр “Монголын Засгийн газрын сайд нар уг төслөөс олох ашиг улс оронд нь ямар их хэрэгтэйг ойлгож буй бизээ. Миний уулзаж ярилцсан Засгийн газрын сайд нар ч төслийн одоо олж буй ашиг чухал биш гэдгийг онцолж байсан. Оюутолгойн төсөл хэрхэн хэрэгжихээс бусад стратегийн ордууд, тухайлбал, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж буй Тавантолгойн ирээдүй шалтгаална” гэжээ.

Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээний 34 хувийг 50 хувь болгож, ордыг 30 жил ашиглах тухай заасныг өөрчлөх хүсэлт гаргасан гэнэ. “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод тавсан илтгэлдээ “Монголын Засгийн газрыг 2009 онд үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээг хэвээр орхиж, өөрчлөлт оруулахгүй” гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

"Монгол Улсын хуулийн хүрээнд байгуулсан, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголчууд өөрчлөхгүй гэдэгт бид итгэлтэй байна. Бидний тооцоолж буйгаар энэ төслийг хэрэгжүүлвэл ашиг нь 2020 он гэхэд Монголын төсвийн гуравны нэг хувийг бүрдүүлнэ. 2013-2017 оны хооронд Монголын эдийн засгийн дундаж өсөлт 12.7 хувьд хүрэх юм. 7.7 хувьтай байсан эдийн засгийн өсөлттэй харьцуулахад багагүй амжилт. “Рио Тинто” группийн хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Оюутолгойн төслийн эхний үе шат 2013 онд эхэлнэ” гэж Хардинг ярьсан байна. Оюутолгойн ордоос ашиглалтын эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 650,000 унци алт, гурван сая унци мөнгө, 544,000 тонн зэс  олборлохоор төлөвлөж байгаа юм. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхэд цахилгаан станц байгуулах асуудал хурцаар тавигдаж байгаа аж. Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд “Рио Тинто” Монголын Засгийн газар болон Хятадын талтай хэлэлцэж байгаа талаар Хардинг мөн онцолжээ. Төслийг хэрэгжүүлэгчид Хятадаас цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөж байсан ч 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд Монголд цахилгаан станц байгуулах тухай тусгасан байгаа аж. Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч, мэргэжилтнүүд болон ажилчдын тоо 14,000-д хүрсэн бөгөөд  2013 оноос хэрэгжүүлж эхлэх төслийн нийт ажилтнуудын 90 хувь Монголчууд байна гэж төслийг хэрэгжүүлэгчид амлаад байгааг төгсгөлд нь онцолж байна.

Бэлтгэсэн Н.ЭНХ

Эх сурвалж: www.foxbusiness.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж