Ургац хураалт ирэх сарын эхээр дуусна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Ургац хураалт ирэх сарын эхээр дуусна

Монгол  Улсын Засгийн газраас газар тариаланг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласны дүнд энэ салбарт шинэчлэл эрчимжиж, тэр хэрээр хураан авах ургацын хэмжээ урьд жилүүдийнхээс өсөөд байгаа билээ. Энэ жилийн хувьд 240 мянган тонн үр тариа хураан авах төлөвтэй байгаа. Гэхдээ цаг агаар хүндэрсэн нөхцөлд ургуулсан тариагаа бүрэн хурааж чадахгүй цасанд даруулж мэдэх төлөвтэй байна гэх мэдээлэлтэй холбоотойгоор бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгаас дараах тодруулгыг хийлээ.


-Улсын хэмжээнд ургац хураалт хэдэн хувьтай байна вэ, цаг агаар хүндэрсэн нөхцөлд цасанд даруулж болзошгүй байна гэх юм?

-Ургац хураалтын мэдээг орон нутгаас өдөр бүр авч байна. Өчигдөр оройны байдлаар улсын хэмжээнд 200 гаруй мянган тонн үр тариа хурааж авсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ нь нийт үр тарианы 50 хувьтай тэнцэнэ.  Өдөрт дунджаар 30-40 мянган тонноор үр тариа хурааж авч байна, тийм учраас хураалтын эрчим сайн явж байгаа гэж ойлгож болно. Мөн хүнсний ногооны хураалт 80 гаруй хувьтай, төмснийх 60 гаруй хувь гарчихсан явж байна.

-Ургац хураалтын үеэр гарч байгаа хүндрэл бий юу?

– Хамгийн гол нь үтрэм дээр хураалт хүндэрч байна. Тийм учраас өнөөдрөөс эхлээд үтрэм дээр байгаа будааг, жишээ нь 200 мянган тонн үр тариа хураагдсан байхад төв эльеватор дээр 20 хон мянган тонн улаан буудай татагдсан байгаа. Энэ нь нийт хураасан үр тарианы дөнгөж 10 хан хувь. Араас нь дахиад 200 мянган тонн улаан буудайг хаана хийх вэ гэдэг асуудал хүндрэл учруулж байгаа. Тийм учраас тэдгээр үр тариаг хурдан тээвэрлэх, бусад агуулах руу татах ажлуудыг зохион байгуулахаар Ургацын комиссоос өнөөдөр чиглэл чиглэлийн хүмүүс орон нутагт ажиллахаар гарсан. Зохицуулагдана гэж бодож байна.

-Ургац хураалтын ажил хэдий хугацаанд бүрэн дуусах төлөвтэй байгаа вэ?

-Аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгах зорилт тавьж байгаа. Цаг агаар аятайхан байгаа энэ долоо хоногт бүрэн цэгцэрнэ гэж бодож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж