Мөөгөөр хуванцар хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Мөөгөөр хуванцар хийнэ

Хуванцар эдлэл байгальд сөрөг нөлөөтэй гэж байнга ярьдаг ч хэрэглээ нь байгаа цагт бидний “дагуул” хэвээр байсаар. Тэгвэл байгаль, хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй хуванцар материалыг мөөгнөөс гарган авах технологийг Энэтхэгийн Мадрасын Технологийн их сургуулийн эрдэмтэд боловсруулжээ.

Бүтэц, найрлагын хувьд өвөрмөц гурван төрлийн мөөгийг тусгай аргаар, янз бүрийн нөхцөлд хадгалан, муутгажээ. Исэлдэх процессын дүнд мөөг олон бодисын нийлэмжтэй, нунжгар зүйл болон хувирчээ. Тийнхүү гарган авсан түүхий эдийг боловсруулан төрөл бүрийн сав, хүнсний уут хийх боломжтой аж.
Энэ технологиор хийсэн сав харьцангуй уян, чийгээ алдаж, агаартай урвалдах нь бага, амархан хагардаггүй гээд олон давуу талтайг туршилтаар баталжээ. Ер нь хуванцар эдлэлийг заасан хугацаанаас нь удаан хэрэглэх хортой гэдгийг эрдэмтэд сануулдаг.

Мөөгөөр хийсэн хуванцрыг жилийн хугацаанд хэвийн нөхцөлд хадгалахад гурав хүртэл хувийн чийгээ алдсан аж. Энэ нь бусад хуванцрыг бодвол бага үзүүлэлт бөгөөд хэвийнд тооцогддог юм байна. Хэдэн жилийн өмнө олон улсын эрдэмтэд мөөгийг иймэрхүү аргаар хувирган олон төрлийн бодис гарган авч, түүгээрээ СD-ийн гадаргуу бүрж байжээ.

Э.ХАНА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж