Уг санамж бичигт хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хар тамхи мансууруулах бодис худалдаалах, терроризм, хүн худалдаалах, үндэстэн дамнасан эдийн засгийн томоохон гэмт хэргүүдтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон идэвхтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эдгээр гэмт хэргүүдтэй холбогдолтой мэдээ, мэдээллийг хоёр орны прокурорын газар харилцан шууд солилцох, гэмт хэрэгтэй холбоотойгоор олж авсан эд хөрөнгө, орлогыг олж илрүүлэх, хураан авахтай холбогдсон ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг тусгажээ.
Мөн прокуроруудыг харилцан солилцож туршлага судлах, хамтарсан сургалт зохион байгуулах, судалгаа хийх зэрэг асуудлыг энэхүү санамж бичигт тусгасан байна. Урьд нь байгуулсан хоёр орны прокурорын байгууллагын хэлэлцээр, санамж бичигт дурдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг талууд жил бүр дүгнэн хэлэлцэж байх, хамтын ажиллагааг хариуцсан тодорхой албан тушаалтнуудыг харилцан томилох зэрэг асуудлыг бас тохиролцжээ.
БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын дэргэдэх Прокурорын Үндэсний коллежид зочилж, тус сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, прокуроруудын сургалт, судалгааны хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Ерөнхий прокурорын айлчлал үргэлжилж байна.