Ерөнхийлөгчийн үг дэлхий нийтийн анхааралд байна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн үг дэлхий нийтийн анхааралд байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  чуулган Нью-Йорк хотноо энэ өдрүүдэд үргэлжилж байна. Дэлхийн 193 орны удирдагчид хуран чуулаад буй НҮБ-ын Ассамблейд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Тухайлбал, www.Ibtimes.com сайтад дараах мэдээллийг нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Ц.Элбэгдорж урт нэртэй хуулийн талд байна /www.Ibtimes.com/

Байгалийн асар их баялагтай Монгол оронд байгаль орчин, малчин иргэдийн аж ахуйг хамгаалахад гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглаж, олборлохыг хориглох тухай хууль зайлшгүй хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж даваа гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  чуулганд үг хэлэхдээ онцолжээ.

“Монгол Улсын газар нутгийн тэн хагас нь лиценз хэлбэрээр хуваагдсан байна. Би үүнийг хангалттай гэж бодож байна. Бид баялгаа үр хойчдоо өвлүүлж үлдээх үүрэгтэй. Монгол Улс 2009 оноос эхлэн ашигт малтмал олборлох лицензийг шинээр олгохыг зогсоосон. Тиймээс Ашигт малтмалын лиценз олгох журмыг шинэчлэн боловсруулах хүртэл шинээр лиценз олгохгүй. Уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчныг сүйтгэж, гол мөрнийг бохирдуулснаас загас олноор үхэж, нутгийн иргэд ундны уснаас хордох болсон. Ерөнхийлөгчийн хувьд би ард иргэдийн үгийг байнга сонсдог. Хэрэв ямар нэгэн зүйл ноцтойгоор эргэвэл бид бодлогоо эргэн харах ёстой” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон байна.
Дэлхийн коксжих нүүрсний асар том орд гэгдэж буй Тавантолгойн төсөл хэрхэх бол гэдэгт өдгөө дэлхий нийт анхаарлаа хандуулж буй. Монголын Засгийн газар Хятадын “Шинхуа”, АНУ-ын “Пибоди энержи”, ОХУ, Монголын хамтарсан гэх учир битүүлэг консорциумд Тавантолгойн хувь заяаг даатгах асуудлыг хэлэлцэж байгаа юм.  “Бид хууиа эргэн харж, Тавантолгойд тусч буй сонирхлуудыг харгалзан үзэж, энэ асуудалд илүү нухацтай хандах болно. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг эцэслэн сонгох шалгаруулалт ид үргэлжилж байгаа бөгөөд бид гадаадын түншүүдтэйгээ асуудлын талаар хэлэлцэж байна” гэж Ерөнхийлөгч чуулганы үеэр ярьжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчдыг нэрлэх эцсийн хугацааг зарлахаас татгалзсан юм. Түүний мэдэгдэж буйгаар Тавантолгойн ордын Зүүн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд 15 тэрбум ам.долларын анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох ажил ид үргэлжилж буй ажээ. “Гэрээ хэлэлцээрийн шатанд байгаа анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох ажил удахгүй дуусна” гэж тэрбээр чуулганы үеэр мэдэгдсэн байна. Тавантолгойн хувьцааг Лондон, Улаанбаатар, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалахаар төлөвлөж байгаа. Газрын хэвлий дор байгаа алт, зэс, нүүрс, ураны асар их баялгийг эзэмшихээр гадаадын олон компани Монгол руу хошуурч байгаа ч хөгжиж буй орны хууль эрхзүйн бүрхэг байдал хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй ажээ. Ажиглагчид энэ оронд баялгийн хараал хүрч болзошгүй гэж анхааруулсаар байгаа юм. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг үгүй хийж болох ч ард түмний итгэлийг алдах нь түүнээс ч том асуудал” гэдгийг хатуу сануулсан байна. 

Н.ЭНХ

Эх сурвалж: www.Ibtimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж