
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны аль нэг нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Палестин тусгаар тогтносон улс болж чадахгүй. Израйлийн Ерөнхий сайд Палестины удирдагчтай энхийн хэлэлцээр байгуулах санал гаргасны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр талыг хэлэлцээрийн ширээнд суухыг уриалж буй ажээ. Израйль, Палестины энхийн хэлэлцээр байгуулах сүүлчийн оролдлого өнгөрсөн жил бүтэлгүйтсэн юм. Палестины удирдагч Махмуд Аббас Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа Ерөнхий нарийн бичгийн даргад албан захидал илгээсэн байна. Палестин, Израйлийг хэлэлцээрийн ширээнд суухыг уриалсан Барак Обама Махмуд Аббасаас Палестины тусгаар тогтнолын асуудлаар Аюулгүйн зөвлөлд санал хураалгахаар яарахгүй байхыг анхааруулах юм байна. Палестин одоогийн байдлаар НҮБ-ын хагас гишүүнчлэл буюу ажиглагч улсын статустай байгаа юм. Палестины өөртөө засах орны Үндэсний засаг захиргаа одоогийн статусаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орны статус болгон өөрчлөх хүсэлтэй байгаа ажээ. Хэрэв Палестин улс 1967 онд Израйльтай байгуулсан хилийн шугамыг сэргээж чадвал Йорданы баруун эрэг, зүүн Йерусалим болон Газын зурвас тус улсын мэдэлд очих билээ. Палестины гадаад хэргийн сайд Риад аль-Малки тус өөртөө засах орны тусгаар тогтнолыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын ес нь хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа юм.