“Нээлттэй засаглалын түншлэл”-д Монгол Улс нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Нээлттэй засаглалын түншлэл”-д Монгол Улс нэгдлээ

Нью Йорк хотноо ”Валдорф Асториа”-д есдүгээр сарын 20-нд болсон  “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгын нээлтийн ажиллагаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд болж буй анхаарал татсан үйл явдлуудын нэг байлаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы үеэр нээлттэй засаглалыг олон улсын түвшинд бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч Б.Обама дэвшүүлэн хэлж байсан нь өнөөдөр ийнхүү Түншлэлийн хэмжээнд хүрчээ. “Төр засгийн бодлого шийдвэр ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой.  Шийдвэр гаргах бүх түвшинд иргэд оролцдог байх ёстой. Авилгагүй цэвэр тунгалаг төр байх ёстой. Энэ бүх зорилтыг хангах нь хүний эрх, ардчиллыг баталгаажуулах үндсэн суурь нь юм.” Энэ бол  “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн гол үзэл санаа.

Түншлэлийн удирдах зөвлөлд АНУ, Бразил, Их Британи, Өмнөд Африк, Мексик, Норвег, Индонез, Филиппин зэрэг 8 орны Засгийн газар болон иргэний нийгмийн 10 орчим байгууллага багтаж байна. Удирдах зөвлөлийг 2011 онд АНУ, Бразил Улс даргалж байгаа. Тус түншлэлд нэгдэх боломжтой орнуудын жагсаалт гаргасан бөгөөд жагсаалтад төр засгийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад иргэдийн оролцоог хангах, төсөв, мэдээлэл болон төрийн өндөр албан тушаалтны орлогыг нээлттэй, ил тод байлгах гэсэн 4 үндсэн шалгуурыг хангаж байгаа гэж үнэлэгдсэн 79 орон, түүний дотор Монгол Улс багтсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама урилга ирүүлсний дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү арга хэмжээнд оролцов. Мөн  АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссоф,  Индонезийн Ерөнхийлөгч Сусило Банбан Иодхоёоно, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон, Канадын Ерөнхий сайд С.Харпер, Филиппиний Ерөнхийлөгч Г.Арроёо нарын зэрэг төр засгийн тэргүүн оролцсон. Төр засгийн тэргүүнүүд “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгаас гаргасан Тунхаглалд гарын үсэг зурлаа.  Ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  түншлэлийн бусад гишүүн орны төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж, санал солилцсон. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид сайн засаглалын үндэс суурь болсон иргэний оролцооны асуудалд онцгойлон анхаарч энэ чиглэлд амжилттай ажиллаж , засаглалыг нээлттэй хяналттай байлгах бодлого хэрэгжүүлж , авилгын эсрэг тууштай тэмцдэг зэрэгт нь талархаж, улс  орондоо хэрэгжүүлдэг эдгээр бодлого нь олон улсын хэмжээнд үр дүнтэй хэрэгжихэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж