Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй энэхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн очсон юм. Тэрбээр уг чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцож, Монгол улсын байр суурийг олон улсад илэрхийлнэ. Шүүмжлэлийн гол бай болсон хөрсний доройтол, ган, цөлжилт, халдварт бус өвчин зэрэг асуудлаарх өндөр түвшины хуралдаан болон дугуй ширээний хэлэлцээрт НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг нээж 22-ноос 23-ны өдрүүдэд үг хэлэх юм байна. Мөн түүний гол зорилгын нэг болох цөмийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, магадгүй Монгол Улсад цөмийн хаягдал булшлах асуудлыг хөндөж болох юм. Тэрбээр өчигдөр Азийн нийгэмлэгт зочилсон бөгөөд хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнд оролцсон аж. Азийн нийгэмлэгийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Митцл “Дэлхий даяар Монгол руу анхаараа хандуулж байна. Монголчуудын үнэт зүйл нь Ардчилал, монголчууд бол гайхалтай ард түмэн. Монгол бол байгалийн баялгийн асар их нөөцтэй улс” хэмээн манай орны нэр хүндийг өргөсөн үг хэлжээ.
Олон улсын төлөөлөгчид болон Ерөнхийлөгч нар энэ өдрүүдэд дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлын гарцыг олж өгөх чухал үүрэг даалгавартай Нью-Йорк хотноо хуран чуулсан талаар “Guardians” сонин онцолжээ.
Өчигдөр болсон хуралдааны үеэр Палестины асуудлыг хөндсөн юм. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Палестин, Израйлын нөхцөл байдал хурцадсан бөгөөд бие биерүүгээ удаа дараа гал нээж дэлхий дахиныг цочролд оруулсан. Үүнтэй холбогдуулан НҮБ-аас хоёр улсын эрх баригчдад “Энхийн гэрээ” хийх санал тавьсан. Ямартай ч Палестины эрх баригчид болон Ерөнхийлөгч Махмуд Аббас “Израйльтай “Энхийн гэрээ” хийхэд татгалзаад байх зүйлгүй” гэдгээ CNN агентлагаар дамжуулан илэрхийлсэн. Харин Өчигдөр Израйлийн зүгээс “Энхийн гэрээ” хийх хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн нь олон сая хүмүүсийг баярлуулсан үйл явдал болов. Мөн Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас “Бие даасан байдлыг тус чуулганаар хүлээн зөвшөөрүүлнэ” гэсэн утгатай захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд илгээж байжээ. Одоогийн байдлаар Арабын ихэнхи орон болон ОХУ, баруун европын зарим жижиг орон болох Славак, Литви, Палестины бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы гол зарчим нь энхийг баримталж, хоёр талын эрх ашигт нийцсэн шийдвэрийн тэнцвэрт байдлыг хадгалахад орших тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн чуулганы өмнө мэдэгдэж байсан. Энэ удаагийн чуулганаар аль болох их зүйлийг шийдвэрлэж, үр дүнтэй гарцуудыг нээх нь бас нэг зорилт аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа “Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн мэндийг хүргээд, Монгол улс НҮБ-ын хамгийн идэвхтэй орнуудын нэг” хэмээн сайшаан магтсан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы өчигдрийн үйл явдлын бас нэгэн анхаарал татахуйц зүйлийн нэг нь Турк улсын Ерөнхийлөгч ноён Т.Эрдоган АНУ-ын Еөрнхийлөгчтэй уулзаж өөрийн байр суурийг илэрхийлсэн явдал байв. Тэрбээр Турк улсыг олон улсын чуулга уулзалтад голлох байр суурьтай орнуудын нэг байлгах хүсэлтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Туркын өдөр тутмын “Заман” сонинд Их гүрнүүдийн удирдагч, Ерөнхийлөгч нар бие биетэйгээ чөлөөтэй санал бодлоо солилцож байгааг онцолжээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч, АНУ-ын Ерөнхийлөгч дунд нарын Газийн зурваст энэ онд болсон мөргөлдөөний улмаас Туркийн нийгмийн зүтгэлтэн есөн хүн амь үрэгдсэн явдлын эргэн тойронд гол яриа өрнөсөн бөгөөд тэдний эрх чөлөө, ардчилсан нийгмийн төлөө хэрхэн тэмцэж байсан талаар ярилцсан аж.
Уг чуулганы эхэнд АНУ-ын зүгээс Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы аюулгүй байдлыг бүрэн хангасан талаар Б.Обама өмнө нь мэдэгдэж байсан юм. Нийт дөрвөн үе шаттай, давхар хамгаалалтын бие бүрэлдэхүүн чуулган болж байгаа бүсэд ажиллаж байгаа аж. Нью-Йорк хотын зарим замыг бетонон хаалтаар хаасан бөгөөд зөвхөн чуулганд оролцож байгаа улсын Ерөнхийлөгч, төлөөлөгч нарыг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн талаар www.nytimes.com дамжуулав.
Өнөөдөр Сирийн асуудлыг авч хэлэлцэж магадгүй гэсэн мэдээллийг эх сурвалжууд олон нийтэд хүргэж байгаа юм. Учир нь чухал гэсэн таван асуудлын хоёрт “Сирийн нөхцөл байдал, Ерөнхийлөгч Башар Аль Ассадын нөхцөл байдал, Сирийн ард түмний дуу хоолой, хүний эрхийг зөрчсөн нь үнэн үү” гэх зэрэг олон зүйлийг авч хэлэлцэж магадгүй юм байна. Эсвэл Исламын ертөнцөд болж буй хувьсгалын салхи хаашаа чиглэж байгаа болон хувьсгалын дараа ямар арга хэмжээ авах талаар ч гол сэдэв өрнөж болох юм.
"Улс төрийн тойм" сонин