Газрын тосны асуудал зөвхөн Дорнодчуудад хамаатай юм уу

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Газрын тосны асуудал зөвхөн Дорнодчуудад хамаатай юм уу

Сайд руу чиглэсэн ээлжит дайралт

Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт руу чиглэсэн ээлжит дай­ралт өрнөв.
Энэ удаад түү­нийг УИХ-ын эрхэм гишүүд бус Дорнод аймгийн ИТХ-ын дарга
болон байгаль хамгаалах иргэний хө­дөлгөөнүүд онилж буй юм. Ингэх болсон
шалтгаанаа тэд Газрын тосны тухай хуулийг шинэчлэн батлахгүй орон
нутгийнхныг хохи­роож байна хэмээн тайлбарлаж бай­лаа. Хуулийн
шинэчилсэн най­руулгыг дорнодчууд газрын тос­ны салбарын
мэргэжилтнүүдээр хийл­гэж өөрсдийнхөө эрх ашигт яв цав нийцэх үг,
өгүүлбэрүүдийг шигт­гэсэн юмсанж. Гэтэл өнөөх хуулийн шинэчилсэн
найруулгын утгыг Д.Зо­ригт сайдаар ахлуулсан ЭБЭХЯ-ны ажлын хэсэг
өөрчилсөн байна. Ту­хайлбал, хуульд зүйлчилсэн Байгаль орчныг хамгаалах,
нөхөн сэргээх, газрын тосны боловсруулалтын ту­хай хэсгүүдийн хүчийг
сулруулж, нэр төдийхнөөр оруулсан гэнэ. Тэгээд өнөөх хуулийнхаа
шинэчилсэн найруулгыг Д.Зоригт сайд УИХ-д өргөн барих гэж байгаа нь
дор­нодчууд болон байгаль хамгаалах хөдөлгөөнийхөнд таалагдахгүй бай­гаа
аж. Харин Монгол Улсын үн­дэсний эрх ашигтай зүй ёсоор хол­богдох
Газрын тосны тухай хууль зөв­хөн дорнодчуудын эмхтгэснээр батлагдах
ёстой юм гэнэ. Тэнд газ­рын тос байгаа нь үнэн. Гэхдээ Газрын тосны
тухай хууль зөвхөн Дор­нод аймгийн Матад суманд бай­гаа газрын тосонд
хамаарах учир­тай гэж хэн ч хэлэхгүй. Тэр утгаараа зөвхөн дорнодчуудын
эрх ашиг, нутгийн удирдлагуудын таалалд нийцүүлж уг хуулийг шинэчилж
батлуулах нь юу л бол. Дорнодчууд Газрын тосны хуулийг өөрсдийнхөөрөө
шинэчлэх гээд байгаа шалтгаанаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл
ажиллагаатай холбон тайлбарлаж байна. Тиймээс ч хуулийг шинэчлэн
батлахдаа дорнодчуудын хүслийг болгоохгүй бол  “Петрочайна Дачин Тамсаг”
компани орон нутгийг түйвээх юм гэнэ. Энд “Петрочайна Дачин Тамсаг”
компанийг өмөөрөх гэсэн юм биш. Компанийн талаар өнөөг хүртэл хэвлэлүүд
Мэнэнгийн талыг хэрхэн сүй­дэлснийг нь бичсээр байгаа. Асуу­дал нь
Дорнод аймгийн удирдлагуудад бий. Тэдний дунд “Петрочайна Дачин
Тамсаг”-тай холбоотой нэхэмжлэлээ 30 сая төгрөгийн хандив хараад
эргүү­лэн татсан тохиолдол ч гарсан. Тэд 30 сая төгрөгийн хандив авснаар
1.3 тэрбум төгрөгийн хохирол амссанаа мартжээ. 

Харин байгалийн
баялаг ашигласан нөөцийн төлбөр буюу Роялтийн татварыг Газрын тосны
газраас 10 хувиар тогтоосныг Д.Зоригт сайд таван хувь болгосныг шүүмжилж
буй үндэслэлийг нь буруутгах арга алга. Манайхаас бусад оронд Роялтиг
25 орчим хувиар тогтоосон байдаг хэмээн тэд ярьж байлаа.

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР ЯРИЛЦАХ ЁСТОЙ БИШҮҮ

Зарим орон нутагт аливаа төлбөр тооцоог шатахуунаар хийдэг гэх яриа шатахуун хомсдоход газар аваад байсан. Төөрсөн жуулчинг олж авраад таван литр түлшээр шагнуулсан нэгэн залуугийн тухай мэдээлэл өнгөрсөн зун гарч байлаа. Түүгээр ч зогсохгүй дизель түлшээр биеэ үнэлдэг бүсгүйчүүдийн талаар ч дурьдаж болно. Уг нь бид чинь өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрттэй. Тэр нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаа болдог билээ. Шатахууны хомсдол ийнхүү үндэсний тусгаар тогтнолд заналхийлсээр удаж байна. Харин ийм үед бид боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд анхаарах ёстой байтал Газрын тосны хууль, түүхий тосны нөөц зэрэг явган хэрүүлээс ангижрахгүй яваагийн шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ. Монголыг газрын тосны нөөцөөр дэлхийд эхний 40 дотор жагсаасан талаар хэн хүнгүй сонсож байсан байх.  Харин ингэж эрэмбэлэхэд хүргэж байгаа газрын тосны нөөцийн маань 80 гаруй хувь нь Дорнод аймагт илрээд байгаа билээ. Шатахууны хомсдол газар авч, үндэсний аюулгүй байдлын түвшинд ярихад хүрээд байхад дорнодчууд л түрүүлж боловсруулах үйлдвэрийн талаар дурьдах ёстой баймаар юм. Гэтэл өчигдөр хийсэн хэвлэлийн хурал нь л гэхэд хэрүүл төдий зүйл байв. Хурлыг зохион байгуулагчидтай уулзахад Роялтийн татварыг нэмэгдүүлэх талаар ярьж, Засгийн газар, салбарын сайдаас илүү санаа зовинож буйгаа хэлцгээж байна. Засгийн газрын ажлыг хийх завтай сонин хүмүүс вэ гэж энэ үеэр бодогдож байсныг хэлмээр байна. Уг нь түүний оронд  “Дорнод газрын тос” нэртэй боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо гээд сэтгүүлчдийг цуглуулж баймаар юм. Төрийн өмчийн хорооноос мэдээлснээр зүүн бүсийн гурван аймгийн шатахууны хэрэгцээг бүрэн хангах боломжтой боловсруулах үйлдвэр Дорнодод барих юм гэсэн. Газрын тосоо гадагш нь цутгаад байгаадаа харамсаж, байгаль орчиндоо санаа зовинож л байгаа бол үүнийг ярих хэрэгтэй баймаар юм. Түүнээс биш аль нэг хөдөлгөөн, иргэдийн төлөөлөгч гуай гарч ирээд “Д.Зоригт сайд огцрох ч багадана. Засгийн газартай хариуцлага тооцъё” гэж ярих нь үнэндээ сонин биш байна. Магадгүй ингэж ярих нь “моод”-ноос гарсан ч байж болох юм.  Тэгээд ч “дорнодчуудын нэрийн өмнөөс” гээд ярьж байгаа эдгээр хүмүүс үнэхээр  орон нутгийнхнаа төлөөлж байгаа болов уу.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж