Өрхийн эмнэлгүүд жилд 30 сая төгрөг нэмж авна

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгүүд жилд 30 сая төгрөг нэмж авна

Өрхийн эмнэлгийнхэний зөвлөгөөний үдээс хойшхи хуралдаан дээр дээрхи
шийдвэрээ Хотын дарга танилцууллаа.  Улаанбаатар хотын хүн амд эмнэлгийн
анхан шатны үйлчилгээ үзүүлж яваа өрхийн эмнэлгийнхэнийгээ дэмжинэ
гэсэн амлалтын бодит ажил энэ болов.  Ингэхдээ эхний хагас жилд 15 сая
төгрөг, үлдсэн хагас жилд 15 нийт дүнгээрээ 30 сая төгрөгийг нэг өрхийн
эмнэлэгт хотын зүгээс олгоно гэсэн нь эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс
талархал хүлээлээ.  Санхүүжилтийн нэмэлт энэ дэмжлэгийн хариуд үр дүнг 
бид шаардах болно.  Энэ нь нэг талаараа өрхийн эмнэлгийг дэмжиж байгаа
хэрэг боловч нөгөө талдаа иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй
ажил.

Та бүхэн үйлчилгээ, зан харьцаа гээд бүх л тал дээр иргэдийн сэтгэлд
нийцтэл ажиллах ёстой юм шүү гэдгийг Г. Мөнхбаяр дарга хатуу
анхааруулсан юм.  Түүнчлэн үдээс өмнөх хуралдаан дээр зурагдсан орон
сууцны квотын асуудлаар тодорхой мэдээлэл өглөө. Эхний ээлжинд  орон
сууцны 20 квотыг өрхийн эмнэлэгт  олгох  болсноо илэрхийллээ.  Хэдийгээр
өрхийн эмнэлэгт ажиллаж буй хүмүүс төрийн албан хаагчийн статуст
хамаардаггүй ч  та бүхний нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй орхиод явж
байж хэрхэвч таарахгүй.  20 квотыг гэр хороололд үйл ажиллагаагаа явуулж
буй өрхийн эмнэлгийн эмч ажилтнууддаа эхлээд өгнө. Дараа дараагийн
жилээс та бүхэн тухайн жилийн квотот багтаад явах болно.  Өрхийн
эмнэлгийг  орон нутгаас анхаарсан эдгээр арга хэмжээ анх удаа
зоригтойгоор зориглон хийж буй  ажил юм хэмээв.

Ингээд асуулт хариулт өрнөлөө.

Баянзүрх  дүүргийн “Орд сүмбэр” өрхийн эмнэлгийн эмч Д. Лувсанжав:

Би улсад 26 жил ажилласан. Одоо тэтгэвэрт гарахад 6 жил үлдээд байна.
Энэ тохиолдолд  орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломж бий юу?

ОССК-ийн захирал Ж. Алдаржавхлан:
Бид аль болохоор та бүхнийг орон байртай болгоход анхаарна.  Хэрвээ та
хамтран зээлдэгчээр үр хүүхэд юмуу, хамаатнаа оруулвал зээлд хамрагдах
боломж нээлттэй.

Чингэлтэй дүүргийн “Мандах” өрхийн эмнэлгийн сувилагч Н. Алтанцэцэг:
Өрхийн эмнэлэгт ажиллаж хөдөлмөрлөж яваа бидэнд маш их урам өгсөн сайхан
зөвлөгөөн болж байна.  Өнөөдрийг хүртэл өрхийн эмнэлэг орхигдож ирсэн
бол Улаанбаатарын хотын дарга Г. Мөнхбаяр бид бүхэнд урам зориг өглөө. 
Өрхийн эмнэлгийн байр савыг сайжруулах тал дээр ямар ажил хийх вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр:
Энэ жил нийслэлд 20 хороо шинээр нэмэгдэж байна. Эдгээр хорооны
барилгатай хамт 20 өрхийн эмнэлгийн байр баригдаж байгаа юм.  Хэрэв
төсвийн эрх мэдэл хүрдэг бол бүх өрхийн эмнэлгүүдээ шинэ байр савтай
болгомоор байвч боломж хязгаарлагдмал.  Гэхдээ 3 жилийн дараа гэхэд
нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эмнэлгүүд өөрийн байртай
болсон байна гэдгийг амлая.  Ер нь 1999 оноос хойш та бүхэн маш хүнд
нөхцөлд ажиллаж ирснийг мэднэ. Бор зүрхээрээ өнөөдрийг хүргэсэн та
бүхнийг орон нутаг дэргэдээ авах нь зөв юм байна гэж үзэж байна.  
Өрхийн эмнэлэгт олгох 30 сая төгрөг зөвхөн орон нутгаас үзүүлж байгаа
дэмжлэг юм шүү.  Салбарын яамнаас ирэх урсгал төсөвтэй ямарч  хамаа
байхгүй.
           
Чингэлтэй дүүргийн “Нандин” өрхийн эмнэлгийн сайн дурын ажилтан Н.Минжээ:
Би “Нандин” өрхийн эмнэлэгт сайн дурын ажил эрхэлдэг. Өөрөөр хэлбэл
өрхийн эмнэлгийнхээ харьяанд багтдаг цэцэрлэгүүдэд ханиад томуунаас
хэрхэн сэргийлэх хичээл заахын зэрэгцээ ахмад настнуудад зөв хооллолтын
хичээл сард 2 удаа ордог. Хэдийгээр сайн дурынх ч гэлээ өрхийн эмнэлэгт
ажиллаж байгаа учраас нийгмийн асуудлаа орон нутгаас шийдүүлэхэд
хамрагдах болов уу?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц. Цогзолмаа:
Орон нутгаас үзүүлж буй энэхүү дэмжлэгт өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа
эмч, сувилагч, асрагч, манаач, сайн дурын ажилтнуудад бүгд хамрагдана. 
Өөрөөр хэлбэл бүх ажиллагсадын нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзэж буй
хэрэг юм.
    
Энэ мэт амьдрал ахуй, цаашлаад нарийн мэргэжил олгох сургалт,
тэтгэмж тэтгэлэгт хамрагдах зэрэг тулгамдсан асуудлаа өрхийн
эмнэлгийнхэн асууж хариултаа авч байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилсан эл арга хэмжээнд
нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эмнэлгийн эмч ажилтнууд
оролцохын сацуу нийслэл дүүргийн удирдлагууд, эрүүл мэндийн яамны газрын
дарга оролцож санаа бодлоо хуваалцлаа. Зөвлөгөөний төгсгөлд 124 өрхийн
эмнэлэгт бүгдэд нь автомат даралт хэмжигчийг хотын дарга гардууллаа.

www.ulaanbaatar.mn
 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж