Ялангуяа засгийн эрх барьж буй МАН, АН-ынханд энэ үг илүү хамаатай байх. Өнгөрсөн жилээс дор бүрнээ “Монгол хүн-2020”, “Ард түмнээ сонсьё” аяныг орон даяар өрнүүлж, айл бүрийн хаалгыг онголзуулж буй тэдний хувьд хамгийн их боломжтой юм шиг ээ. Тэгээд ч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ийм үед санадаг санаа биш гэж үү. Хугацааны хувьд бол өдийд намрын ургац хураалт дуусах тийшээ ханддаг цаг. Гэвч энэ жил тариаланч, ногоочид маань хэрээ мэдэхгүй ихийг тарилаа гэсэн шүүмжлэлд өртөж мэдэхээр болоод байна. Цаг нь тулчихаад байдаг өмнөхөө хурааж дийлэхгүй сандарч суугаа нийтлэг дүр зурагтай байгаа гэнэ. Орон нутгийнхаа ажилгүй, архичин гээд завтай хүн бүрийг дайчлах гээд барахгүй байгаа аж. Өдрийн 15-20 мянган төгрөгөөр ажиллуулах гээд ч хүн олдохгүй байгаа сурагтай. Аргаа барсан зарим тариаланч “Намрын ажилд оюутнуудаа явуулаач, хамтарч ажиллая” гэсэн албан бичгийг их, дээд сургуулийн удирдлагуудад явуулаад ч нэмэр болоогүй дуулдав. 90-ээд оны эхэн хүртэл оюутнуудыг хүчээр шахам намрын ажилд дайчилдаг байсан. Залуус жил жилийн намарт аль нэг Сангийн аж ахуйд очиж өглөөнөөс орой болтол нуруу тэнийлгэлгүй ажиллаж, боорцогоо хувааж идэн өөр хоорондоо нөхөрлөх гэж яардаг байсан гэхэд болно. Тэрийгээ одоо эргээд “Ай, мөн ч сайхан байж дээ. Залуу насны минь гоё дурсамж” хэмээн шүүрс алдах хүн олон таардаг. Хүүхдийг хүн болгодог нэг шалгуур байж ч гэмээр юм уу. Одоо бол ингэж “хүчлэх” ямар ч боломжгүй болсон билээ. Харин улс төрийн намуудын хувьд дэргэдэх залуучуудын байгууллагаа “хөдөлгөөд” намрын ажилд туслах аян өрнүүлбэл ямар вэ. Нам дагасан залуусын урт цувааг тариа, ногооны талбайд ажиллах хөдөлгөөн болгон өргөжүүлээд орон даяар аян өрнүүлмээр байна. Ингэж л тэдний хүчийг ашигламаар байна. Ардчилсан ч бай, Ардын ч бай аль ч намынх нь залуус намрын ажлаас хойш суухгүй байх. Үр дүн гардаг эсэх нь эргэлзээтэй элдэв хурал зөвлөлгөөн хийж, ажлаа дийлэхгүй зүдэрч байгаа хүмүүсийн уурыг хүргэж хөдөөгүүр давхилдаж байхын оронд хүрз бариад дэм болох нь том тус билээ. Хий хоосон ярьж, бас сонсож явснаас хамаагүй бодитой ажил энэ юм биш үү.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин