Эмээ бид хоёр уртаас урт дараалалд зогссоны эцэст их үдийн алдад үйлчилгээний цонхон дээр тулж очсон. Гэвч “Бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байна” гэсэн хариу сонслоо. Маргааш нь дутуу бүгдийг нь гүйцээгээд дахин урт дараалалд зогсож, нөгөөх “бүртгэлийн” эмэгтэйтэй уулзав. Энэ удаад тэрбээр “Та байраа түрээслэх хугацаагаа буруу газар биччихэж” гэлээ. Эмээ сандарч, гэрээг нь бичсэн нотриатч руу намайг гүйлгэлээ. Арайхийж олж авсан оочероо алдчих гээд байсан тул яарах хэрэгтэй байсан учир би ч хар тэнхээгээрээ харайлгав. Нотриатч “Ямар сүртэй юм бэ” гээд өнөөх гэрээний хугацаа заасан хэсгийг цагаан будган балаар дарж орхилоо. Буцаад очтол бүртгэлийн ажилтан “Та бичиг баримтынхаа илүү хувийг буцаагаад аваад яв. Би үлдсэнийг нь авчихъя” гэв. Өдөр хоног өнгөрсөөр. Хэд хоногийн дараа бүртгэлийн газар руу дахин очиход “Таны бичиг баримт дутуу байсан учир бүртгэлд оруулаагүй байна” гэх жигтэй хариу сонслоо. Эмээ сандарч, “Миний хүү, танай нэг ажилтан илүү хувийг нь буцаасан шүү дээ” гэхэд бүртгэлийн ажилтан нь “Тийм үү. Тэгвэл энэ дээр бичиг арилгагчаар засчихсан байна. Ингэж болохгүй. Бичиг баримтаа дахиад эхнээс нь бүрдүүл” гэв. Нэг мэдэх нь ээ, эмээ бид хоёр бүртгэлийн газрын үүдийг хагас сарын турш сахисан байлаа. Хамгийн сүүлд нь байрныхаа нэг ааш муутай эгчийг дагуулж очоод, TV8 телевизийн “Шөнийн толь”-ийнхныг дуудна шүү” гэж хэлүүлж байж нэг юм ажлаа бүтээсэн дээ. Камер барьсан сэтгүүлч нараас айсандаа тэндхийнхэн “Манай хүн шинээр орсон болохоор туршлага дутаад …” хэмээн үгээ зөөж ядан тайлбарлах. Энэ хооронд өнөөх “шинэ” хүн нь эмээ бид хоёрыг хичнээн удаа загнасныг хэлж мэдэхгүй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харъяа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэх мэт иргэн болон түүний эд хөрөнгийг бүртгэдэг олон газар Улаанбаатарт бий. Тэдгээр байгууллагын байран дотор үйлчлүүлэгчид нь багтахгүй болохоор гадаах хаалганых нь хавьцаа шавах нь бий. Харин үүнийг харсан өөр нэгэн нь “Энд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг өгж байгаа юм болов уу” хэмээн эндүүрэх нь цөөнгүй. Нэг удаа жирийн нэгэн иргэний шүлэг бичих онгод ороодохсон чинь “Улсын бүртгэлийн газар нэртэй ч улсын бүтэлгүй газар” хэмээн толгой холбож байсан гэдэг. Бүртгэлийн газрууд хүнээр, тэнд байгаа хүмүүс нь уур, уцаараар дүүрэн байх. Ийм үед иргэдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид үйлчилгээгээ яаж ч соёлтой боловсон үзүүлэх вэ дээ. Тэднийг ойлгох хэрэгтэй ч юм шиг. Арилжааны банкууд руу ороход өөдөөс эелдэгхэн инээмсэглэх үйлчилгээний ажилтнууд угтаж авдаг. Яагаад гэвэл тэд арилжааны, хувийн байгууллагыг төлөөлж, ажилтнуудынхаа соёлоор харилцагчдаа татах гэж өрсөлдөж байгаа хүмүүс. Гэтэл улсын бүртгэлийн газруудад байдал эсрэгээрээ. Тэд “Та нар эндээс өөр хаашаа очих вэ” гэсэн янзтай үйлчлүүлэгчдээ угтаж авдаг. Уг нь тэд эмээ, бид хоёрын төлсөн мөнгөөр цалинждаг болохоор арай ч ингэх учиргүй байх. Тийм ээ.
"Улс төрийн тойм" сонин